ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРЛЫГ ЦАХИМААР ХИЙВ

A- A A+


Photo

Дэлхий дахинд тархаад буй Covid-19 коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2020.03.24/-ыг анх удаа цахим хэлбэрээр явууллаа. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцсон юм.

Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцлоо. Өвөлжилтийн бэлтгэлийг базааж, хяналт шалгалтыг цаг тухай бүрт хийсний дүнд хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. 2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 94-100 хувьтай гарсан байна. Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл цахимаар холбогдож, нөхцөл байдлаа танилцуулсан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын нийт үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • 1. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд Засгийн газар, Улсын онцгой комисс, дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг шуурхай хэрэгжүүлж, тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж сахилга хариуцлагатайгаар ажиллах;
  • 2. Ажлын байрны орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хувийн хамгаалах хэрэгсэл (биеийн халуун хэмжигч, даралтны аппарат, шингэн саван, нэг удаагийн алчуур, хатаагч, гар ариутгалын бодис, амны хаалт, бээлий, агааржуулагч болон хор саармагжуулах материал гэх мэт)-ийн найдвартай хангалтыг бүрдүүлэх замаар ажлын байранд ажилтан, албан хаагчдаа халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авах;
  • 3. Ажлын тусгай горимд ажиллах төлөвлөгөө болон ажилтнуудын бие биенийгээ орлон ажиллах схемийг боловсруулж бэлэн байдлыг хангаж ажиллах;
  • 4. Эрчим хүчний сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Түлш, эрчим хүчний албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай” 78, 79, 80, 81 дүгээр тушаалын биелэлтийг хангаж ажиллах;
  • 5. Аймаг, хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан үед шуурхай ажиллагаа, засварын ажилтнууд, шаардлагатай машин механизмыг хяналтын цэгүүдээр нэвтрүүлэх асуудлыг харьяа орон нутгийн Онцгой байдлын байгууллагад тавьж цаг алдалгүй шийдвэрлүүлж байх; 
  • 6. Салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирлуудын контрактыг дүгнэхтэй холбогдуулж гэрээний гүйцэтгэлийг яаралтай гаргаж холбогдох албан тушаалтанд хүргүүлэх;
  • 7. Хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэгчээр нь шалгарч ажиллаж байгаа эрчим хүчний барилга байгууламжийн ажил, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн өмчийн автомашин, техник хэрэгслийг ашиглуулдаг, төрийн өмчит компаниудын инженер техникийн ажилчдыг ажиллуулдаг явдлыг таслан зогсоох. Ийм зөрчил гаргасан удирдах албан тушаалтанд яамны зүгээс хатуу хариуцлага тооцохыг анхаарах;
  • 8. Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэлийг хангаж ажиллах;
  • 9. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллах, төрийн худалдан авалтаар чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж ажиллах;
  • 10. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай тоноглолуудад их болон урсгал засвар, их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгах;
  • 11. ДЦС-4, ЭДЦС, Чойбалсан дулааны цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэл болон томоохон бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах, шаардлагатай арга хэмжээг ЭХЯ-аар дамжуулан холбогдох байгууллагуудад цаг алдалгүй тавьж шийдвэрлүүлэх;
  • 12. Нэгдсэн системийн томоохон зангилаа дэд станцуудын найдвартай ажиллагааг хангах үүднээс реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр техникийн арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах;
  • 13. Хаврын салхи, шуурганы улирал эхэлж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоноглолд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, илэрсэн гэмтлийг устгах ажлыг шуурхай зохион байгуулж, биелэлтийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг ББЭХС, АУЭХС, ДБЭХС, ЦДҮС, түгээх компаниудын гүйцэтгэх захирал нарт;
  • 14. Болзошгүй аваар саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, дизель станц, мазут, нүүрсний нөөц, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах, шуурхай ажиллагааны баг, аюулгүйн болон аваарын сэлбэг материалыг нөөцөд бэлэн байлгах, байнгын хяналт тавьж ажиллах;
  • 15. Техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэм болон бусад дүрэм журмыг мөрдөн ажиллах, инженер техникийн ажилтан болон ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж, хяналт шалгалт сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах;
  • 16. Эрчим хүчний сайдын 2020 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээг нэг бүрчлэн хэрэгжүүлж, хэрэгжилтийг тогтоосон хугацаанд тайлагнах;
  • 17. Үйлдвэр, компани тус бүр сургалтын хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр сургалтын төлөвлөгөө боловсруулж ТУЗ өөрөө хэлэлцүүлэн дэмжүүлэх. Сургалтын зардлыг зөвхөн батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнд зарцуулах;

Энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулснаар үйлдвэр, компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан юм. Мөн байгууллагуудын Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн хурлыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх гэх мэтчилэн давуу талууд гарч байна. Хурлын үед тасалдал, доголдол гараагүй учир шаардлагатай хурлуудыг цахим хэлбэрээр явуулах юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ