Эрчим хүчний салбарынхан “ӨВӨЛД БЭЛЭН” болжээ

A- A A+


Photo

Цаг агаарын мэдээ хасах хэмийг зааж, есдүгээр сарын халуун намрыг эртний түүх мэт санан бээвийж, бөгтийж алхах та бидний хувьд өвлийн бэлтгэл хэмээх нэгэн том ажил бий. Жилийн дөрвөн улиралтай Монгол Улсын хувьд иргэний хувьд зуны даашинз, өвлийн гутал, хавар намрын пальто, өвлийн куртик гэх мэтээр худалдан авалтын дөрвөн өөр шийдлийг жилдээ сонгох зайлшгүй шаардлагатай байдаг нь хувь хүн бүрт бас л амаргүй даваа. Гэхдээ зөвхөн энэ ч бус. Учир, нь та бидний дулаан өвөлжих, эрүүл мэндээ сахин хамгаалах, гал ус алдахгүй өвөлжиж хаваржин зунтай золгоход гол ачааг үүрдэг салбар бол эрчим хүчнийхэн. “Дулаан явбал мянган лан” хэмээх үгийг та бид гадаа агаарт санан бодлоо гэхэд гэртээ, сургуульдаа, ажилдаа тэдний тус дэмийг авахаас өөр аргагүй. Учир нь, тэд Монгол Улсын галыг, дулааныг манадаг мэргэжлийн гал манаачид, дулаан түгээгчид юм. Иймд есдүгээр сарын нэгний баярын өдрийг сурвалжлахтайгаа зэрэгцэн Эрчим хүчний яамнаас “Би, бид, ер нь монголчууд дулаан өвөлжиж чадах уу. Энэ өвөл хүйтэн өвөл болно гэж яриад байна, хүмүүс” гэсэн асуултанд хариулт авахыг чухалчиллаа.

Өвлийн бэлтгэл 80 хувьтай хангагджээ

 Тиймээс ч “Өвөл болчихлоо, бараг” гэсээр орсон бидний асуултанд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж “Эрчим хүчний  салбар болоод нүүрсний уурхайнууд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө тухайн оныхоо эхэнд гаргаж, шат дараатайгаар хэрэгжүүлээд явдаг. Энэ дагуу эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэлээ базааж, өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд шинэчилж засварлах шаардлагатай дулааны шугам сүлжээ нэлээд хэд бий. Үүнд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газраас цаг алдалгүй шийдвэрлэж, салбарын зүгээс засвар үйлчилгээг дор бүр нь хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна. Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өөрийнхөө хэмжээнд зайлшүй хийх ёстой засвар үйлчилгээг дотоод нөөц боломжоороо давхар хийж байгаа. Тиймээс нийслэлчүүдээ гал алдахгүй өвөлжүүлэх боломжтой гэж ойлгож болно” хэмээн хариулсан байгаа. Тэгвэл түүний хариулт дээр нэмээд “Багануур”-ын нүүрсний уурхайгаас ердөө сар орчмын өмнө сурвалжлага хийхээр очиход тус уурхайн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өвлийн бэлтгэлийн т талаар “Өнөөдөр гэхэд авахад бэлэн, усан дээрх нүүрс 611 мянган тонн бий. Усан доор 50 мянган тонн байгаа. Өвлийн ид ачааллын үед хоёр сар манай уурхай зогсолт хийгээд ачихад асуудалгүй гэсэн үг” гэж байсан юм. Энэ нь Улаанбаатар хотыг халаах нүүрсний нөөцөнд санаа зовох хүндрэл үүсэхгүй гэдгийн баталгаа гэдэг утгаар энд ишлэе.

Улаанбаатар хотын хэмжээнд 63 уурын зуухыг энэ онд багтаан холбоно

Түүнчлэн  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ахалж буй “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны өмнө Эрчим хүчний яамны хүлээж буй үүрэг чамгүй олон байгаа гэнэ билээ. Учир нь, түүхий нүүрсний хэрэглээнээс үүдсэн агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр Засгийн газар дорвитой арга хэмжээ авахаа зарласан учраас тэр байх. Иймд төвлөрсөн дулааны эх үүсвэрээс шугам татаж, 230 жижиг уурын зуухыг холбох ажлыг  эхлүүлсний 63 уурын зуухыг нь энэ онд багтаан холбох зорилттой ажиллаж байгаа аж. Ингэхдээ Маахуур толгой, Сонгинохайрханы цэргийн анги орчмын уурын зуухуудыг ерөнхийд нь холбож дуусгаснаар өвлийн улиралд утаа нь униартаж, тэр хавьд урд алхах хүн битгий хэл гэрлээ асаасан машин ч харагдахаа больдог тэр саарал дүр зураг дахин харагдахгүй гэж ойлгосон. Гэхдээ энэ мэдээлэл дээр ердөө хоёр сарын дараа харагдах үр дүнг нь харж байж илүү сайн дүгнэлт хийх хэрэгтэй ч байж болох юм.

Шөнийн тарифыг хөнгөлөх бүсийг тэлнэ

Харин өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн шөнийн тарифыг хөнгөлөх цар хүрээ улам өргөжин тэлж, өргөн зурвастай болсон сайхан мэдээг дуулгая. Хэдийгээр өнгөрсөн жилийн тухайд гэр хорооллын айл өрхүүд олноороо цахилгаанаар халааж эхлэхтэй зэрэгцэн шугам сүлжээнд ачаалал үүсч, хүндрэл үүсэх нь олонтаа байсан ч цаг тухайд нь засварласнаар томоохон гэмтэл, осол гараагүй аж. Иймд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд нийслэлийн 114 мянган хэрэглэгч хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой болсон байна. Мөн 10 мянгаас дээш хүн амтай томоохон суурин газруудын иргэд ч цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой гэнэ. Иймд уншигч та шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах эсэхээ бодитоор нь асууж сураглаж үзээрэй.

15 жил цахилгаангүй амьдарсан 8000 айлыг цахилгаанд холбожээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт амьдардаг атлаа гэрэлгүй, тоггүй амьдардаг айл өрх олон. Тэр дундаа сүүлийн 15 жил тоггүй амьдарч байгаа 12 мянган өрх байсан гэвэл уншигч та итгэх үү. Тэгвэл энэ онд тэдгээр айл өрхөөс 8000-ыг нь нэг жилийн дотор тог, цахилгаантай холбож, айл шиг айл болгож чадсан гэнэ. Харин энэ мэдээг сонсоод яагаад ч юм харамсах сэтгэгдэл төрсөн. Ердөө л нэг жилийн дотор 8000-г нь тогтой холбож болж байхад яагаад өмнө нь хийгдсэнгүй вэ гэж. Энэ ч бас асуудал шүү...

Ингээд төгсгөлд нь мэдээллэхэд, Эрчим хүчний сайд П.Ганхүү “Ирэх өвөл харьцангуй хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгаа учир улсын хэмжээний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, 14 хоног тутамд мэдээлэл ирүүл” хэмээн салбарынхандаа үүрэг болгосон гэдгийг тус яамнаас мэдээлж байна билээ. Тэр дагуу сүүлд ирсэн мэдээллээс нь харахад , Шивээ Овоогийн уурхай550 мян.тонн, Багануур 594 мян.тонн, Шарын гол 80 мян.тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байгаа аж. Ямартай ч, жирийн иргэд жилийн дөрвөн улирлын өнгө аяс, хүйтэн халуунд нийцүүлэн өмсөх хувцсандаа санаа тавьдагтай адилхан эрчим хүчний салбарынхан бүхлээрээ дулааны улиралд шугам сүлжээгээ  завсарлаж, өргөтгөлийн ажлаа дуусгах зэргээр чөлөө завгүй ажилладаг. Харин хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн засварын ажлаа завсарлаж, дулаан дамжуулах, цахилгаан түгээх гээд гардан гүйцэтгэх ажилдаа ханцуй шамладаг гэж байгаа. Тэгэхээр анхнаасаа хувцасны тухай бичиж эхэлсэн минь бас ч буруудаагүй бололтой. Ямартай ч Монгол Улсын эрчим хүчний салбар “Өвөлд бэлэн” тухай таатай мэдээг дуулгая. Хүйтэн өвлийн тухай ярианаас айсан, есдүгээр сарын эхний өдрүүдийн хүйтэнд бээрсэндээ аяран сандран хийсэн сурвалжлагаа ингээд өндөрлөе. Эцэст нь дулаан өвөлжих найдвар төрүүлсэнд талархъя.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ