2019-07-04 07:29:52

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн ажиллагаа, үйлдвэрлэлийн явц байдалтай танилцлаа. Үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, савалгаа, дахин боловсруулах туршилт судалгааны цех, үйлдвэрлэлийн шугам горимын дагуу хэвийн ажиллаж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын айр өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК нь өнөөдрийн байдлаар 5 шугамаар хоногт 4.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Шинээр хоёр шугамыг үндэсний баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд дээрх шугамууд ашиглалтад орсноор сайжруулсан түлшний үйлдвэрлэл хоногт 10.000 тонн-д хүрч нэмэгдэх юм.

Иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд байгаа, түлш нөөцөлж болохуйц 33 агуулахын судалгааг гаргаж, хамтран ажиллахаар зэхэж байгааг ч “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэлсэн юм.

“Тавантолгой түлш” ХХК энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнээс 100 мянга гаруй тонныг нөөцөлж, 3.000 тонныг борлуулжээ. Мөн түүхий эдийн 250 мянган тонн нөөцтэй байгаа юм. Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь хүртэл буурна гэж үзэж байгаа. БНСУ-ын лаборатори тус компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг батлажээ.

Ажилчдын ажиллах орчныг сайжруулах, тоосжилтыг багасгах зорилгоор компанийн инженерүүд тоос сорох, агаар чийгшүүлэх төхөөрөмжийг ойрын үед ашиглалтад оруулахаар ажиллаж байна.