2019-09-02 08:34:18

БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛСЫН ГАЗРЫН ТОС, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ ОЮУТНУУД СУРАЛЦАНА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Азербайжан Улсын “Газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль”-ийн “Газрын тос, хийн инженер”-ийн  мэргэжлээр (бакалаврын зэрэг)Азербайжан Улсын Ерөнхийлөгчийн 100%-ийн тэтгэлгээр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Тус сургуулийн сонгон шалгаруулалтад ШУТИС-ийн оюутан М.Мөнхбаяр, МУИС-ийн оюутан Б.Мөнхнаран нар тэнцэж суралцахаар болсон. 2018 онд Монгол Улсын Эрчим хүчний сайд, Бүгд найрамдах Азербайжан Улсын Эрчим хүчний сайд нарын харилцан тохиролцсоны үндсэн дээр манай улсын хоёр оюутныг Бүгд Найрамдах Азербайжан Улсын “Газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль”-д Азербайжан Улсын Ерөнхийлөгчийн бүрэн тэтгэлгээр сургахаар тохиролцсон. Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, унаа, ном, сурах бичгийн төлбөр болон степент багтсан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нефтийн чиглэлээр Азербайжанулсад засгийн газрын тэтгэлгээр суралцах болсонд баяр хүргэе. Монгол Улсад газрын тосны  үйлдвэр барьж байгаатай холбогдуулан боловсон хүчин бэлтгэх зорилгоор засгийн газраас дэмжиж байна.  Бүгд Найрамдах Азербайжан Улсбол анхны нефт олборлосон орон юм. Монгол улсад нефтийн хайгуул хийхэд Азербайжаны геологийн салбарынхан ирж оролцож байсан. Азербайжан Улс нь газрыг тос, хийн чиглэлээр Каспийн орнууд дундаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ арвин их туршлагатай улсаас ихийг сураад эх орондоо ирээд сайн ажиллаарай” гэв.

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм.