2020-02-11 10:42:08

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Австри Улсад хийсэн айлчлалын хүрээнд тус улсын Уур амьсгал, байгаль орчин, эрчим хүч, хөдөлгөөн инноваци, технологийн яамны Эрчим хүчний асуудал эрхэлсэн Ерөнхий захирал  Др.Майкл Лоштой уулзаж хоёр улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллахасуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний асуудал эрхэлсэн Ерөнхий захиралДр.Майкл Лошнар Австри улсад жижиг усан цахилгаан, био массаар ажиллах технологитой сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг Монголд барихад хамтран ажиллах талаар ярилцав. Эрчим хүчний сайд Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудтай хослуулан ажиллуулах үед ачааллыг тохируулах, диспетчерийн зохицуулалт хийхэд хүндрэлтэй байгааг дурьдаж энэ талаар Австри улсын туршлагыг судлах, түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбарын боловсон хүчний чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив. Мөн Монгол Улсын ой модны нөөцтэй газруудын ойн хаягдлыг ашиглан хөдөөгийн жижиг сум, суурин газарт ой, модны хаягдлаар агаарын бохирдол багатай, үр ашиг өндөр, хэмнэлттэй горимоор ажилладаг бага оврын дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн Австрийн хөгжлийн агентлаг болон Дунай мөрөн дээр барьж ашиглаж буй усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав. Австрийн хөгжлийн агентлаг нь Холбооны засгийн газрыг төлөөлж Африк, Ази, Европ, Латин Америкийн орнуудад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, төсөл санхүүжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж хөгжиж буй орнуудын хүн амын амьдралын нөхцлийг сайжруулах чиглэлээр ажилладаг ашгийн төлөө бус байгууллага юм. Сайд Ц.Даваасүрэн уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Австрийн тал судалж ойрын хугацаанд хариу өгөхөөр болов.