2020-11-04 09:18:15

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр /2020.11.04/ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардуулан өглөө.

“Алтан гадас одон”-оор Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын санхүүгийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч П.Энхцэлмэг, “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн инженер Ц.Батмөнх, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Эрчим хүчний зохицуулах хорооны ахмад настан В.Оюунсүрэн нар тус тус шагнагдлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан хүмүүст хандан “Хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан та бүхэндээ баяр хүргэе. Эрчим хүчний салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал дэвшүүлэхийн ялдамд цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэндчилэв.  

Дэлхий дахинд тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ойн арга хэмжээ, тухайн үеэр олгох шагнал урамшууллын үйл ажиллагааг хойшлуулаад байсан юм.