2016-12-02 18:58:32

Эрдэмтэд, зөвлөх инженерүүдийн саналыг эрчим хүчний салбарын бодлогод тусгаж ажиллана

   Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх томоохон төслүүд багтсан. Тухайлбал, ТЭЦIII-ын 250 МВт, Дорнодын ЦС-ын 50 МВт болон Дархан, Эрдэнэтийн станцын өргөтгөл ажил зэрэг нь 2016-2020 оны хөтөлбөрт туссан байдаг. Мөн  Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй хэмээн Засгийн газар болон ЭХЯ-ны зүгээс мэдэгдээд буй. Энэ хүрээнд салбарын эрдэмтэд, зөвлөх инженерүүд, хувийн хэвшлийн удирдлагууд болон үе үеийн сайд нарыг хамруулсан уулзалт зохион байгуулж, тэдний саналыг сонслоо. Нийт 60 гаруй хүн оролцсоноос 30 орчим хүн саналаа хэлсэн юм.

   Өнгөрсөн жилүүдэд алдаа оноотой шийдвэрүүд гарч байсан ч, шүүмжилж ярихаасаа илүүтэй цаашид хэрхэн зөв голдрилд орж, нэг бодлогоор ажиллах вэ гэдэгт энэ удаагийн уулзалт чиглэжээ. Тухайлбал, ЭХЯ-ны шинжлэх ухаан техникийн зөвлөлөөс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэхэд нийт 73 байршилд ТЭЗҮ нь хийгдсэн 19500 МВт-ын эх үүсвэрийг баталсан байдаг. Үүнээс эрчим хүчний зохицуулах хорооноос уламжлалт буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий 12300 МВт буюу 43 байршилд нь тусгай зөвшөөрөл олгосон байна. Бодит хэрэглээнээс хэт давсан, амьдралд нийцэхгүй ийм асуудал өнөөдөр салбарын өмнө тулгамдаад байгааг хөндөж, эрдэмтдийн саналыг сонссон юм.

   Уулзалтын хүрээнд улс орны хөгжлийн эдийн засгийн түвшин, хөрш орнуудын эрчим хүчний салбарт барьж буй бодлого, гадна дотны хөрөнгө оруулагчдын сонирхол, системийн бодит төлөв байдал, нүүрсний нөөц, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадал, хэрэглээний өсөлт, хэлбэлзэл, импортын хараат байдал, уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцжээ. Тухайлбал, хөрш орнуудын эрчим хүчний салбарт барьж буй бодлогод уялдуулан ажиллахыг салбарынхан онцолсноос гадна нүүрсний нөөцийн тухайд гэхэд нүүрсний эх үүсвэрийн балансыг тооцох асуудал хөндөгдлөө. Мөн сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын бодлого тогтвортой байх тухайд ч саналаа хэлж байна.

   Энэ үеэр Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал түлхүү гарч, ОХУ-тай хамтарсан судалгаа хийж, Байгаль нуурын эко системд сөрөг нөлөөлөл байгаа эсэхэд дүгнэлт гаргах тухайд дэмжинэ гэв. Мөн ТЭЦIII-ын 250 МВт-ын өргөтгөлийг зайлшгүй хийх хэрэгтэй гэдгийг захиж, салбарынхаа эрдэмтэн багш, зөвлөх инженерүүдийг хамруулсан томоохон зөвлөгөөн зохион байгуулж буй Эрчим хүчний сайд П.Ганхүүд талархаснаа илэрхийлсэн юм.

   Эрчим хүчний сайд П.Ганхүү“ Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчинг бүрдүүлж, улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж явсан үе үеийн шилдэг хамт олондоо талархаж явдгаа юуны өмнө онцолж хэлмээр байна. Одоо бидний өмнө их хариуцлагатай үе ирсэн. Алдаа, оноотой үеэ дэнсэлж, хамгийн чухал нь шинэ бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах шаардлага бий боллоо. Гэхдээ бид олон эх үүсвэрт самгардах бус, үр ашигтай төслүүдээ босгож, бүтээн байгуулалтад нэг ойлголттойгоор оролцъё. Ирэх 2017 онд манай эрчим хүчний салбарын 95 жилийн ой тохионо. Бид шинэ түвшинд ажиллаж, их төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх зайлшгүй цаг үе ирээд байна. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөнийг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхний саналыг салбарынхаа бодлого ажилд тусгах болно” гэв.

   “Эрчим хүчний хөгжлийн бодлогын хэрэгжилт, нийгэм эдийн засгийн нөлөөлөл, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт зөвлөгөөний төгсгөлд зөвлөмж гарч, ажлын хэсэг байгуулахаар боллоо. Зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм.