2018-04-04 17:14:50

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА ИСЛАНД УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД ГУННАР СНОРРИ ГУННАРСОНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Исланд улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Гуннар Снорри Гуннарсон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Гуннар Снорри Гуннарсон үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж бараалхсан. Эрчим хүчний яаман дээр болсон уулзалтад “Арктик Грийн Энержи” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Ейнар Рунар Магнуссон, Монгол Улсад суугаа Исланд Улсын өргөмжит консул М.Болд, Эрчим хүчний яамнаас Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Бодлого төлөвлөлтийн газар – Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж, Төрийн захиргааны удирдлагын газар – Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн А.Тэмүүжин нар оролцов.

Монгол Улс тус улстай 1974 оны зургадугаар сарын 4-нд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс, Их Британ Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас, Исланд Улс БНХАУ-аас манай улсыг тус, тус хавсран суудаг. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай тус улс Рейкьявикт байрладаг, НҮБ-ын салбар их сургуульд газрын гүний халуун ус судлалын чиглэлээр манай мэргэжилтнүүдийг өөрийн зардлаар бэлтгэж иржээ. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжиснээс хойш өдийг хүртэл хугацаанд 12 мэргэжилтэн газрын гүний халуун ус судлалын чиглэлээр Исланд улсад бэлтгэгджээ.

Уулзалтын эхэнд Элчин сайд Гуннар Снорри Гуннарсон, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгад хандан “Монгол Улсад ирсэн даруйдаа Исланд Улсын голлох салбар болох Эрчим хүчний дэд сайд хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Манай орон удаан хугацаанд газрын гүний халуун усаар улсынхаа бүх халаалтаа шийдэж ирсэн. Нүүрс огт хэрэглэдэггүй. Ногоон эрчим хүчээр дийлэнхи хэрэгцээгээ ханган ирсэн. Далайгаар хүрээлэгдсэн учир эрчим хүч экспортлох боломж хомс байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Европ, Африк, Өмнөд Африк болон БНХАУ-тай хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Газрын гүний халуун усны чиглэлд туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэдгийг хэллээ. Мөн Исланд Улсын хоёр дахь том салбар болох аялал жуулчлалын чиглэлд ч Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодотголоо.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга мөн анх удаа уулзаж байгаадаа баярлаж буйгаа илэрхийлэн олон жилийн нөхөрсөг харьцаагаа илүү өндөр түвшинд гаргах таатай нөхцөл боломж бүрдэж байгааг онцоллоо. Газрын гүний халуун усны судалгаа бага хийгдсэн, Төв аймгийн Цэцэрлэг суманд хөрсний дулааныг ашиглах төслийг туршилт хэлбэрээр амжилттай хэрэгжүүлж буйг хэлсэн. Экологи, байгаль орчин, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллах давуу талтай газрын гүний халуун усыг хэрэглээнд нэвтрүүлэх туршилтыг хамтран хийх боломжтойг ч энэ үеэр хэлж байлаа. Энэ чиглэлд Монгол улсаас хүний нөөц бэлдэх асуудлаар боловсон хүчин суралцуулах үүд хаалга дахин нээгдэх боломжтой болсноор уулзалт өндөрлөлөө.