2018-06-05 05:34:01

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН “СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ” ЦАХИЛГААН, ДУЛААН, МЕХАНИК, ГАГНУУР ГЭСЭН ДӨРВӨН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Сургалт үйлдвэрлэлийн төв нь  Ажилчдыг бэлтгэх курс нэртэйгээр анх 1964 онд байгуулагдсан бөгөөд 50 гаруй жил тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн сургалтын байгууллага юм. Тус төв нь эрчим хүчний салбар болон аж үйлдвэрийн бусад салбаруудад шаардлагатай байдаг цахилгаан, дулаан, механик, гагнуурын чиглэлээр  мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэднийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн түвшин тогтоох үйл ажиллагааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зохих зөвшөөрлийн хүрээнд эрхлэн явуулж байна.

1998 оноос 2002 оны хооронд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын буцалтгүй тусламжаар “Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төслийг тус төвд хэрэгжүүлсэн бөгөөд Төслийн хүрээнд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 10 лаборатори, цахилгаан дамжуулах агаарын шугамын загвар полигон, нэг удаадаа 24 сонсогчийг хүлээн авах боломжтой онолын гурван танхим, 1000 гаруй номтой номын сан, нэг ээлжиндээ 12 хүн байрлах хүчин чадалтай сонсогчдын дотуур байр, цайны газар зэрэг сурч боловсрох боломжоор хангагдсан сургалтын иж бүрэн цогцолбор болсон юм.

2018 онд "Сургалт үйлдвэрлэлийн төв" нь 103 сургалтыг зохион байгуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар сургалтын үйл ажиллагаа 50 хувьтай явагдаж байна. Түүнчлэн өндөр зэрэгтэй мэргэжилтэй ажилтныг аттестатчилах, ажлын байран дахь давтан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.