ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эрчим хүчний яам өнөөдөр (2026.07.06) энэ оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа хийлээ. Энэ үеэр сайд Б.Найдалаа эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлсэн талаараа тодотгов. Тэрбээр “Бид салбарынхаа өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахын сацуу ирэх 20 жилийн хөгжлийн суурийг тавилаа. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, олон жил хүлээгдсэн төслүүдийг хөдөлгөж, эрчим хүчний реформыг үргэлжлүүллээ” гэв. Тухайлбал, “ДЦС-5”, Ховд, Багануур-Чойр, Мандалговь болон бусад нүүрсний төсөл, дэд бүтцийн ажлууд дараагийн шатанд шилжээд буй. Түүнчлэн засаглал, тариф, санхүү, зах зээл, компанийн бүтэц, эрх зүйн орчны шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарын дунд, урт хугацааны хөгжлийг тодорхойлох стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулж, “139” шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаараа сайд Б.Найдалаа тэмдэглэв. Тодруулбал, нэг бодлого, гурван зарчим баримтлан, есөн гол ажилд төвлөрч байгаа юм.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтын шинэ тогтолцоог эхлүүлснийг салбарын сайд онцлоод, Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт аукционыг амжилттай зохион байгуулсныг дурдав. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх шинэ үеийн эхлэл болсноороо онцлог. Мөн ухаалаг эрчим хүчний системийн шинэчлэлийг эхлүүлж, салбарыг цахимжуулах стратеги төлөвлөгөө боловсруулж, салбарын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх дашбоард системийг ашиглалтад оруулаад буй. Бас хүний нөөц, инженерийн хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогыг эхлүүлээд байгаа зэргийг тэмдэглэв.

Эл хурлын үеэр Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Билгүүн яамнаас 2026 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн онцлох ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар мөн танилцууллаа. Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын гэхчлэн долоон газар тус бүрийн хэрэгжүүлсэн арга хэмжээг тэрбээр танилцуулсан юм. 

Энэхүү хурлын үеэр Эрчим хүчний яамны долоон мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Мөн Эрчим хүчний сайдын тушаалаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий ажилтнуудад шагнал гардууллаа. Тодруулбал,

“Эрчим хүчний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Намжилжав,

“Хүндэт жуух бичиг”-ээр:

Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Мөнхбадрал,

Салбарын хяналтын газрын мэргэжилтэн Б.Мөнхбат,

“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бекболат нарыг шагналаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн болон шагнагдагсдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.