ДЦС-4-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Шангри Ла зочид буудалд боллоо.
Монгол Улсын эрчим хүчний системийн 70 орчим хувийг дангаараа хангаж байгаа “ДЦС-4” ТӨХК-ийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд Японы засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн хөрөнгө оруулалтаар 4,2 тэрбум иенийн төсөл хэрэгжүүлэхээр 2013 оны арваннэгдүгээр сард байгуулсан зээлийн хэлэлцээр байгуулсныг 2014 оны нэгдүгээр сард УИХ соёрхон баталсан билээ.
Төслийн гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендерт 2 багц ажлыг санал болгосон бөгөөд эхний багц ажилд Японы Yokogawa компани шалгарсан бол хоёр дахь багц ажилд Японы MHPS болон Монголын MCS компаний хамтарсан консерциум шалгараад байна.
Нэгдүгээр багц ажлын хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн уурын турбины 1-6-гийн тохируулгын механик гидравлик системийг цахилгаан гидравлик системээр өөрчлөн шинэчилж, турбинуудын хяналт удирдлагын системийг компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлэх ажлыг Японы Yokogawa компани хийх бол, багц 2 ажлын хүрээнд нийт 8 зууханд үнс үлээлгийн 192 аппарат суурилуулж, 5-8 дугаар зуухны 16 тээрэмд 64 ширхэг бул тавгийг шинэчлэх ажлыг Японы MHPS болон Монголын MCS компани хийж гүйцэтгэх юм.
Үүний үр дүнд Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК-ийн уурын турбины тохируулгаас хамаарсан хамаарсан зогсолт 100 хувь буурах бөгөөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтийн хэмжээ 2019 он гэхэд 18 хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн нүүрсний зарцуулалтын хэмжээ 8 хувиар буурч, хүлэмжийн хийг ихээхэн хэмжээгээр багасгах юм. Ингэснээр тоноглолын горим үйл ажиллагаа тогтворжиж, аваар саатал гарах нөхцөл буурна. Цаашлаад ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Төсөл 2018 он дуустал хэрэгжинэ.
“ДЦС-4” ТӨХК үр ашгийг дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Япон улс нь манай улсын шижилтийн үеүдэд буюу 1990-ээд оны үеэр эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудад томоохон хөрөнгө оруулалтыг хийж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь манай улсын эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай хангамжийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлсэн юм.
Монгол Япон хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “ДЦС-4” ТӨХК-д хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс дурдвал 1995-2004 онуудад 4,5 тэрбум иенийн зээлийн хөрөнгөөр тус станцын 1 дүгээр ээлжийн шинэчлэлтийн төсөл, 2001-2008 онуудад 6,1 тэрбум иенийн зээлийн хөрөнгөөр 2 дугаар ээлжийн шинэчлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байсан билээ. Дээрх төслүүдийн хүрээнд хийгдсэн станцын техник, технологийн шинэчлэлт нь одоог хүртэл тус станцын тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад чухал үүргийг гүйцэтгэж байна. Одоо эхэлж байгаа 3 дугаар ээлжийн 4,2 тэрбум иенийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл ихээхэн үр дүнтэй болно гэдэгт найдаж байна” гэв.
“ДЦС-4” ТӨХК-ийн үр ашгийн дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизутаны, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Төлөөлөгчийн газрын дарга М.Сато нар болон төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцож үг хэллээ.
Сэтгэгдэл