
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шинэ байршлуудад сэргээгдэх эрчим хүчний аукцион зарлахаар шийдвэрлэлээ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан эл шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өгөв.
Тодруулбал, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Баруун бүсийн Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Улаангом, Баянхонгор аймгийн Өлзийт суманд нийт 70 МВт хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл, Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нийт 40 МВт хүртэл чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүд, Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэйгээр Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхин цахилгаан станцын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукцион зохион байгуулахаар боллоо.

Мөн Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, өмнийн говийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг багасгах, уул уурхайн болон бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Дорноговь аймгийн Мандах суманд батарей хуримтлуур бүхий нар, салхины эх үүсвэрийн аукционыг зохион байгуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн эхний ээлжид хүчдэлийн дутагдалтай 22 суманд аукционыг багцлан зохион байгуулахаар болсныг салбарын сайд дурдав. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-10 хувиар өсөж буй бөгөөд ирэх өвлийн оргил ачаалал 1956 МВт-д хүрэх тооцоо бийг тэрбээр мөн тэмдэглэлээ.
Эргэн сануулахад, Засгийн газрын 2026 оны 160 дугаар тогтоолын хүрээнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг сонгон шалгаруулах аукционыг амжилттай зохион байгуулсан. Улмаар Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт хэрэгжүүлэх төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, санал болгосон үнэ 4.85-7.8 ам.цент/кВт.ц болж, дундаж үнэ 5.98 ам.цент/кВт.ц-т хүрсэн юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний төслийг ил тод, өрсөлдөөнт зарчмаар хэрэгжүүлэх, цахилгаан эрчим хүч худалдах бодит үнийг зах зээлийн өрсөлдөөнөөр тодорхойлох, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжтойг харуулсан чухал туршлага болсон. Эл туршлагад үндэслэн сэргээгдэх эрчим хүчний дараагийн төслүүдийг аукционы зарчмаар зохион байгуулж, хэрэгжүүлэх юм.
Сайд Б.Найдалаа сэтгүүлчдийн зүгээс тавьсан өвөлжилтийн бэлтгэл, “ДЦС-3"-ын засвар, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл зэргийн талаарх асуултад хариулт өглөө.