
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр (2026.08.07) “ДЦС-3” ТӨХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. 198 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай уг станц 2025 онд 879.9 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн, 706.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.6 сая Гкал дулааны эрчим хүч түгээжээ. Тус станц нь төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний 9.6 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 29.8 хувь, технологийн уурын хэрэглээний 42 хувийг хангаж буй бөгөөд 13 зуух, есөн турбингенератортай юм.



2026-2027 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл нь өдгөө 77 хувьд хүрээд буйг “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав танилцууллаа. Тухайлбал, зуух №2-ын их засвар, технологийн шинэчлэл, зуух №7-гийн их засварын ажлыг ирэх есдүгээр сарын 15-нд дуусгах юм.
Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарт 2026-2027 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ДЦС-уудын үндсэн, туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний хүрээнд “ДЦС-3” ТӨХК-д 2,091.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий, зуух №4, зуух №8-ын уур халаагч солих засвар шинэчлэлийн ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллаас өмнө буюу ирэх аравдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ. 1976 онд ашиглалтад оруулсан, 220,000 цаг ажиллуулах нормтой ч 255,400 цаг ажиллуулсан турбогенератор №7-г шинэчлэх ажлын гүйцэтгэл 48 хувьтай үргэлжилж байна.



“ДЦС-3” ТӨХК-ийн удирдлагын зүгээс улсын төсөвт тусгуулах шаардлагатай ажлуудын талаарх мэдээллийг өглөө. Юуны түрүүнд турбогенератор №5-ыг суурин дээр нь шинэчлэх шаардлагатай, энэ нь станцын найдвартай ажиллагаа сайжрахад нөлөөтэйг дурдав. Түүнчлэн үнсэн сан №5-ын үнсийг зөөж шилжүүлэн, дараагийн нөөц санг бэлтгэх, “ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах шаардлагатайг тэмдэглэлээ.


Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар тус станцад ажиллах үеэрээ турбогенератор №5-ыг шинэчлэх хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгуулна гэдгийг онцоллоо. 50 жил ашигласан, металл нь хэв гажилтад орсон уг турбогенераторыг шинэчилснээр нийт 10,000 өрхийг цахилгаан эрчим хүчээр, 7000 айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.