
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн Сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ долоо хоногт зохион байгуулагдаж байна. 2001 онд эхэлсэн тус хөтөлбөр нь эдүгээ Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсэн 11 улс орон болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм болон өргөжин хөгжөөд буй.
Уг хуралдаанаар зохион байгуулагдсан “Цэвэр эрчим хүч, тээвэр, ложистик чухал ашигт малтмалын боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол Улсын ирэх таван жилийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлийг “Импортын хамаарлыг бууруулж, системийн уян хатан байдлыг бэхжүүлэх явдал” хэмээн мэдэгдлээ. Ялангуяа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хил дамнасан цахилгаан эрчим хүчний холболтыг өргөжүүлэх нь КАРЕК-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны чухал үүрэг, чиглэл хэмээн онцлов. Энэхүү бизнес форумыг эх орондоо зохион байгуулснаар Монгол Улс бүс нутгийн хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллагуудад эрчим хүчний мега төслүүд болох нар, салхи, усны сэргээгдэхийн болон цэвэр эрчим хүчний төслүүдийг шууд танилцуулах боломж бүрдэж буй. Иймд Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний тогтвортой шилжилтийн 2026-2050 стратеги”-ийг хэрэгжүүлэн ажиллахад олон улсын түншлэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт чухал шаардлагатай байгааг мөн танилцууллаа. Монгол Улс одоогийн хүчин чадлаасаа гурав дахин их буюу жил бүр 100-300 мегаваттын шинэ эх үүсвэр эрчим хүчний салбарт барьж байгуулах хэрэгцээ шаардлагатай байгаа. Энэ ажлын эхлэл болгож, Монгол Улсын Засгийн Газар болон салбарын яамнаас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тарифын хамгийн бага үнийн саналаар сонгон шалгаруулах нээлттэй аукционыг амжилттай зохион байгуулж, төслийн гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулж, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Цаашид ч уг аукционыг үргэлжлүүлэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, үүрэг оролцоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа дурдлаа.

Салбарын сайд хөрөнгө оруулагчдад эрчим хүчний шинэчлэлийн бодлогын шийдлээ танилцуулахдаа “Монгол Улс 3,300 гигаватт (ГВт) сэргээгдэх, цэвэр эрчим хүчний нар, салхины асар их нөөцтэй. Байгалиас заяасан энэ их нөөцөө ашиглан хямд эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээс хангахаас гадна бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хуваалцахаар төлөвлөж байгаа. Бид бүс нутгийн экспортлогч орон болох зорилт тавьж, 2035 оноос эрчим хүчний экспортын эхний коридороо нээхээр төлөвлөсөн. Үүнд хил дамнасан цахилгаан дамжуулах шугамын дэд бүтэц, бүс нутгийн эрчим хүчний худалдааны нэгдсэн зохицуулалт нэн шаардлагатай. Иймд аливаа хамтын санаачилгыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт болгон урагшлуулахад бид бэлэн байна” хэмээн уриалсан юм.