
Эрчим хүчний сайд Б.Найдалаа #139 шинэчлэлийн бодлогоо танилцуулах, мэдээлэл өгөх өглөөний уулзалтыг салбарын харьяа үйлдвэр, компаниудад цувралаар зохион байгуулж буй.
Өнөөдөр ДЦС-4 ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудтай уулзлаа.
Тэрбээр, салбарынхаа бодлого чиглэл, үйл ажиллагааг шийдвэр гаргагчдаас эхлээд бүх талуудад зөв ойлгуулах, 17,800 ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх, нийгэм олон нийтэд зөв мэдээлэл түгээх үндсэн гурван чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаагаа уулзалтын эхэнд тодотголоо.
Түүнчлэн "Эрчим хүчний шинэчлэлийн бодлогын хүрээнд дэд бүтэц барихад 9.5 их наяд төгрөг шаардлагатай. Бид өнөөдөр сэргээгдэх эрчим хүчээс гадна дулаан, цахилгаан станцын асуудлыг ч хамтад нь ярьж, зэрэгцүүлэн бүтээн байгуулах ёстой. Тухайн орон нутгийн онцлог, нөхцөл байдлаас хамаарч нарны, салхин эсвэл дулааны станц ч барьж байгуулж болно.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж буй цахилгаан станцууд зөв зүйтэй ч төрийн өмчит эрчим хүчний салбарынхаа бодлогыг нэн тэргүүнд тавих нь чухал. Ингэснээр Улаанбаатар хотын эрчим хүчний алдагдлыг нөхөх бүрэн боломж бүрдэнэ. Цаашлаад эрчим хүчний илүүдлийг зөв менежментээр зохицуулах, үнэ цэнэд хүргэх, бүс нутгийн хэмжээнд хуваалцах, экспортох чиглэл рүү алхах ёстой хэмээн салбарын сайд онцоллоо.
Тодруулбал өнөөдөр эрчим хүчний илүүдлээс айж, дутвал импортоор авдаг уламжлалт хэлбэрээр цааш явахуу эсвэл эрчим хүчний нөөцөө бүрэн ашиглаж, илүүдлээ экспортолж, бүс нутгийн тоглогч болох шинэ эрчим хүчний бодлогоор явахуу гэдэг хоёр салаа замын уулзвар дээр зогсож байна гэлээ.
1983 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй ДЦС-4 ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 44,0%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55,5%-г дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. 2026 оны байдлаар нийт 1473 ажиллагсадтай байгаагаас 326 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүн ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд сайд Б.Найдалаа "Монгол Улсын гал голомт, хөгжлийн тулгуур болсон ДЦС-4 ТӨХК-ийн үйлдвэрийн эрчим хүчний аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангаж, хэрэглэгчдэд илч дулаан, гэрэл түгээх үйлсэд хүчин зүтгэж байгаа тус хамт олонд талархал илэрхийлье" хэмээн ажлын амжилт хүсэн ерөөлөө.

