
БНХАУ-ЫН ШУӨЗО-НЫ ХАМИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
️БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд Хами аймагт Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаар ахлуулсан төлөөлөгчид, "АУЭХС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн нарын зэрэг ажлын хэсгийнхэн айлчилж байна.
️Айлчлалын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Алтай сумыг цахилгаан эрчим хүчинд холбох асуудлын талаар ярилцлаа.
️Говь-Алтай аймгийн Алтай сумын 360 өрх, 40 орчим аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны 1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж, 2023 онд 300 кВт-ын суурилагдсан чадалтай нарны цахилгаан станц, 3000 кВт/ц багтаамжтай цэнэг хураагуурын систем, 300 кВт-ын чадалтай дизель цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтад оруулсан.
️Төслийн төлөвлөлтийн үе шатанд Алтай суманд байрлах цэргийн ангийн цахилгаан ачааллыг тооцоолон тусгасан боловч хөрөнгө оруулагч талаас Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэдгээ илэрхийлсний улмаас төслийн хүчин чадалд цэргийн ангийн цахилгаан ачаалал тусгагдаагүй болно. Өнөөдрийн байдлаар өвлийн улиралд цэргийн ангийг нэмж холбосноос чадлын дутагдал үүсэж Алтай сумыг 24 цагийн тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах боломж хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байсан.
️Энэ асуудлыг шийдвэрлэхээр Улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан 2024 онд байнгын ашиглалтад хүлээн авсан. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл 35 кВ-ын 1.5 км орчим цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2025 онд шинээр барьж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн өмчит “Хами Энержи Групп” ХХК-ийн цахилгаан дамжуулах шугамтай холбох техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж холболт хийхэд бэлэн болоод байна.
️Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 541 дүгээр тогтоолоор “Цахилгаан импортлох” тусгай зөвшөөрлийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д олгож, эрчим хүчний салбарын төрийн байгууллага, компаниуд холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
️Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Боомтын захиргааны алба хоорондын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанд Эрчим хүчний яам, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн төлөөллийг оролцуулж Монгол Улсын “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хами Энержи Групп” ХХК-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн холболтыг хийж, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээг ийнхүү шуурхайлахаар харилцан тохиролцоонд хүрсэн байна.
️Алтай сумыг эрчим хүчинд холбох нээлтийн ажиллагаа 2025.12.25 буюу маргааш 14:00 цагаас эхэлнэ.