
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр (2026.05.30) “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажиллалаа. Жилд 446.9 сая кВт цахилгаан эрчим хүч, 905 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай, Дархан хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр дангаар хангадаг эл станцынхан энэ сарын 29-ний байдлаар гадаа талбайдаа 42,600 тонн нүүрсний нөөцтэй байсан нь өвлийн их ачааллын 20 хоногийн хэрэглээг хангах дүн. Мөн мазутын 157 тоннын нөөцтэй байгаа аж.

Одоогоор дулааны хүчин чадлын 87 хувийн ачаалалтай, 13 хувийн нөөцтэй байгаа ч хэрэглээ өсөн нэмэгдэж буй тул 2027 онд 893.5 мянган Гкал болж үйлдвэрлэлийн дээд хязгаарт хүрэх тооцоо гарсныг гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан дурдав. Тус станцын турбингенератор 1-4-ийг 288-359 мянган цаг ажиллуулсан нь норм болох 120 мянгаас давсан үзүүлэлт. 1-9 дүгээр зуухаа 100-243 мянган цаг ажиллуулсан нь норм болох 100,000 цагаас бас л хэтэрчээ. Иймээс үндсэн тоноглолоо шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд техник, технологийн шинэчлэлийг өөрсдийн чадах хэмжээнд хийхийн сацуу дотоодын хэрэгцээгээ багасгаж байгаа аж.
Цаашид хурц уур, тэжээлийн усны коллекторыг шинэчлэх, хөргөх цамхаг шинээр барих, бульдозер худалдан авах, үнсэн сангаа ашиглах, зуухны их засвар зэрэг ажлыг хийх шаардлагатай байгаа гэлээ. Түүнчлэн эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр барих хэрэгцээтэйг тодотгов.

2026-2027 оны өвлийн бэлтгэл ажлын хувьд туслах тоноглолын их засварыг хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 12 хувьтай байна. Тэгвэл турбингенератор 3-ын их засварын ажлын гүйцэтгэл 10, дөрөвдүгээр зуухын их засварынх 21 хувьд хүрчээ.
462 ажилтантай “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлага боловсон хүчнийхээ шилжилт хөдөлгөөнийг байнга судалдаг байна. Сүүлийн жилүүдэд цалин хөлс, нийгмийн баталгааны өрсөлдөх чадвар хангалтгүйгээс шалтгаалж туршлагатай инженер, техникийн ажилтнууд нь өндөр цалинтай салбар луу шилжих нь нэмэгдэн, нарийн мэргэжлийн боловсон хүчин цөөрч, бүтээгдэхүүний үнэ тариф өртгөөсөө доогуур байгаа болон хүчин чадлаа нэмэгдүүлэхдээ еврогоор зээл авсантай холбоотойгоор валютын ханшийн алдагдал хүлээж байгаа нь хүндрэл учруулж буйг хэллээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа нэг бодлого, есөн ажил, гурван зарчим баримталж байгаа, үүний хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлүүлснээ тэмдэглээд, “Үнсэн сангийн газар дүүрч байгаагаа харгалзан үнсээ ашиглах боломж эрэлхийлэх нь зүйтэй. Цахим шилжилтийн бодлогыг удахгүй батална. Хүнд нөхцөлд хатуу дэглэмээр ажиллаж буй эрчим хүчний салбарын 17,800 хүний хөдөлмөрийн үнэ цэнийг өсгөхөд анхаарна. Ойрын хугацаанд салбарын хүний нөөцийн бодлогыг зарлана” хэмээв.
