
“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн ирээдүйн ур чадвар” форум өчигдөр (2026.06.05) боллоо. Монгол Улсын эрчим хүчний салбарт реформ хийхийг зорьж буй өнөө үед техник, технологи, хөрөнгө оруулалтаас гадна эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх чадвартай хүний нөөц чухал юм. Энэ талаар бодлогын түвшинд хэлэлцсэн энэхүү форумыг нээж Эрчим хүчний сайд Б.Найдалаа үг хэлэв.
Тэрбээр “Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулахаар ажиллаж байна. Эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд чадварлаг боловсон хүчин маш чухал. Салбарт ажиллаж буй 17,800 хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үнэ цэнийг өсгөх ёстой. Иймээс ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж, дадлагажуулах, дотоод, гадаадын сургалтад хамруулахыг зорьж байгаа. Эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг удахгүй батална” хэмээн тодотгоод, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд анхаарч байгаагаа тэмдэглэв.
Боловсролын яам, Эрчим хүчний яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, “Энержи Инсайт” сэтгүүл хамтран зохион байгуулсан энэхүү форумын үеэр оролцогчид сэргээгдэх эрчим хүчний салбарын ойрын болон дунд хугацаанд шаардлагатай ур чадвар, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах бодлогын шийдлүүдийн талаар хэлэлцсэн юм.





