БНСУ-ЫН “ПОСКО ИНТЕРНЭЙШНЛ КОРПОРАЦ”-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

БНСУ-ЫН “ПОСКО ИНТЕРНЭЙШНЛ КОРПОРАЦ”-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эрчим хүчний яам, БНСУ-ын “Поско Интернэйшнл Корпорац” эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Эл санамж бичигт Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, “Поско Интернэйшнл Корпорац”-ын дэд ерөнхийлөгч Жон Гён Жин нар өнөөдөр (2026.06.12) гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд дулааны цахилгаан станцын хөргөх байгууламжаас гарч буй хөргөлтийн усыг дулааны эх үүсвэр болгон ашиглах төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. 
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи нутагшуулахад хувь нэмэр оруулах юм.

1968 онд байгуулагдсан “Поско Групп” нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, барилга байгууламж, олон улсын худалдаа, ложистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, улс орнуудад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй юм. 

Эрчим хүчний яам нь олон улсын тэргүүлэх компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар эрчим хүчний салбарын үр ашиг, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна.