
Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр Ховд Дулааны станц болон Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иудад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, нөхцөл байдалтай танилцлаа.

Дулааны станцын хувьд халаалтын улиралд аймаг, орон нутгийнхаа 3500 орчим айл өрх, нийт 200 орчим төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг бөгөөд жил ирэх тусам хэрэглээ нэмэгдэж байгааг станцын дарга Д.Энхсайхан онцолсон. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах үүднээс станцын өргөтгөлийн Б блокын барилга угсралтын ажлыг ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний хувьд ихэнх хэсгийг импортоор хангаж буй бөгөөд Дөргөний УЦС оргил ачааллын үед 9.3-9.6 МВт хүртэл чадал нийлүүлж системийн найдвартай ажиллагааг хангаж ажилласныг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран дурдлаа.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын ажиллагсдыг хамруулсан нэгдсэн уулзалтын үеэр 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажлаа тайлбарлан танилцууллаа. Тодруулбал хэрэглэгчдэд төвлөрсөн найдвартай, нээлттэй зарчмуудад тулгуурлан эрчим хүчний реформ, ногоон шилжилт, экспортод чиглэсэн бодлого, стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулж, инженер техникийн ажилтнуудтай санал солилцлоо. Уулзалтын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан хүмүүст салбарын шагнал гардуулсан юм.
Мөн “Ховд Эко Цемент” үйлдвэрээр зочилж, тус үйлдвэрийг эрчим хүчээр хангаж буй 8 МВт хүчин чадалтай “Ховд эко нарны цахилгаан станц”- тай танилцлаа.


