
Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукционыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ. Улмаар Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нарны цахилгаан станцын төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг олон нийтэд нээлттэй байдлаар амжилттай сонгон шалгаруулсан.
Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооны өнөөдрийн (2026.06.24) хуралдаанаар дээрх аукционд шалгарсан нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төслүүдийн гүйцэтгэгчдэд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгож, цахилгаан эрчим хүч худалдах тарифыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын дүнгээр баталгаажууллаа. Дээрх таван аймагт шинэ эх үүсвэрүүдийг төлөвлөсөн хугацаанд буюу ирэх арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад оруулахаар Эрчим хүчний яам анхаарч буйн үр дүн ийнхүү гарч эхлээд байна.
Эргэн сануулахад, энэ сарын 18-нд зохион байгуулсан аукционд Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нарны цахилгаан станцын төслийн Бие даасан гүйцэтгэгчээр 5-26 жилийн туршлагатай компани болон түншлэлүүд шалгарсан бөгөөд кВт.ц цахилгаан эрчим хүчийг 4.85-7.8 ам.центээр системд нийлүүлэхээр болж, үнийг бууруулсан юм. Ирэх өвлийн оргил ачааллаас өмнө Монгол Улсын эрчим хүчний системд 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц батарей хуримтлуураас цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлэхээр зорьж байна.