“ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙН СТРАТЕГИ 2026-2050” БАРИМТ БИЧГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙН СТРАТЕГИ 2026-2050” БАРИМТ БИЧГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилж байна. Энэ хүрээнд Эрчим хүчний яамнаас Засгийн газрын павильонд “Эрчим хүчний ногоон шилжилт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг салбарын сайд Б.Найдалаа нээж үг хэлэв. 

Тэрбээр “Манай яам Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн 2026-2050 оны стратегийг олон нийтэд танилцуулж байна. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадал хэрэглээний өсөлтөө хангахгүйд хүрч, хэрэгцээ хүчин чадлыг хэдийн даваад буй. Цахилгааны импорт жилийн хэмжээгээр авч үзвэл нийт эрчим хүчний хангамжийн дөрөвний нэгт хүрсэн. Улаанбаатар хотын дулааны дутагдал 1121 МВт-д хүрээд байна. Өнгөрсөн өвөл оргил ачааллын үеэр бид 21 МВт-ыг хязгаарлахад хүрсэн. Энэ нь тодорхой айл өрх, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн бөгөөд бидний хувьд статистик биш, сануулга байлаа. Манай улсын эрчим хүчний эрэлт 2050 он гэхэд 5.4 дахин өсөх төлөвтэй байна. 

Стратеги маань төсөөлөл дээр биш, тооцоолол дээр үндэслэсэн. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварчлалын платформ дээр 15 жилийн бодит өгөгдлийг ашиглан хоёр хувилбарыг харьцууллаа. Стратегийг бид гурван үе шаттай төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 2030 он хүртэл хүчин чадлыг нэмэх ч гол зорилт нь шугам сүлжээ болон уян хатан байдлыг бэхжүүлж, эрчим хүчний импортын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийн нөөцийг бүрдүүлэх юм. Хоёрдугаар үе шатанд 2040 он хүртэл Эгийн голын УЦС зэрэг эх үүсвэр ашиглалтад оруулж, 2035 оноос эрчим хүчний экспортын эхний коридор нээгдэнэ. Гуравдугаар үе шатанд цөмийн болон устөрөгчийн эх үүсвэр ашиглалтад оруулснаар эх үүсвэрийн бүтэц бүрэн төрөлжинө. 

Шинэ сэргээгдэх эрчим хүч манай улсад 2050 он гэхэд 50 хувиас давахгүй. Учир нь эрчим хүчний систем найдвартай байх шаардлагатай ба олон эх үүсвэрийн хольцыг зохистой түвшинд хадгалж хөгжүүлэх шаардлагатай. Нүүрс 2050 онд ч манай эрчим хүчний бараг тал хувийг хангасаар байх болно. Хүрэн нүүрс нь манай улсын хамгийн хямд анхдагч эрчим хүчний эх үүсвэрийн нэг. Гэвч бидний хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын хүрээнд хүлэмжийн хийн нэгж эрчим хүчинд ногдох ялгарал хоёр дахин буурна. Стратеги маань нийтэд нээлттэй, та бүхний шүүмжид ч нээлттэй байна” гэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний яамны ажлын хэсгийн гишүүн, доктор О.Бавуудорж “Монгол Улсын эрчим хүчний ногоон шилжилт: Бодлогын чиглэл, зорилт ба боломж” сэдвээр илтгэж, “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг танилцууллаа. 

Энэхүү стратегид манай улсын суурилагдсан хүчин чадал өдгөө 1936 МВт байгааг 2050 он гэхэд 23,282 МВт болгож, цэвэр эрчим хүчний эзлэх хувийг цахилгаан үйлдвэрлэлийн 7.2 хувиас 53.4 хувьд хүргэн, импортын хамаарлыг тэг болгохоор зорьж буйг тусгажээ. 

Эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлын энэхүү баримт бичгийн бүх зорилтыг LEAP (Low Emissions Analysis Platform) загварчлалын платформ дээр NEMO хамгийн бага өртгийн оновчлогчийг ашиглан нэг загвараар тооцсон бөгөөд зорилт бүр өртгийн тооцоотой. Нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээг эх үүсвэр, сүлжээ, дулааны хувьд 44.8 тэрбум ам.доллар, түгээх сүлжээ, эрэлтийн талын арга хэмжээг нэмбэл 58-73 тэрбум ам.доллар хэмээн тооцоод байна. Энэ нь жилд дунджаар 1.8 тэрбум ам.доллар буюу урт хугацааны ДНБ-ий тав орчим хувьтай тэнцэх дүн юм.

Энэхүү стратеги нь 25 жилийн турш жил бүр дунджаар 818 МВт эх үүсвэр барихыг шаардаж байгаа нь өнөөгийн хурднаас 12-17 дахин их юм. Тиймээс түншүүдээсээ хөрөнгө оруулалтаас гадна ур чадвар, төслийн бэлтгэлд хамтран ажиллахыг хүсэж байгааг танилцуулгын үеэр онцоллоо. 

Эрчим хүчний яам, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийн үеэр эрчим хүчний ногоон шилжилт, байгаль орчинд ээлтэй төслийн төлөвлөлт, малчид, орон нутгийн иргэдийн эрчим хүчний хүртээмж, оролцоо, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчин, хүний нөөц, технологийн чадавх зэргийн талаар ярилцлаа. Мөн хэлэлцүүлгийн оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлсэн юм.