
Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн өнөөдөр (2026.09.12) Увс аймаг дахь “Улаангомын дулааны II станц” ТӨХК-д ажиллалаа. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус станцын суурилагдсан хүчин чадал 35 МВт бөгөөд 3266 айл өрх, 202 аж ахуйн нэгж, 51 төсөвт байгууллагыг халаалт, халуун усаар хангаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрээд байгааг компанийн удирдлага дуулгалаа.



96 ажилтантай “Улаангомын дулааны II станц”-ынхан 2024 онд 80.1 мянган Гкал, өнгөрсөн жил 93.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэжээ. 2026 онд дээрх тоо 100.3 мянган Гкал-д хүрэх тооцоо гарсан бөгөөд үүнээс 98.2 мянган Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулж, 2.1 мянган Гкал буюу үйлдвэрлэлийн 2.1 хувийг шугамын алдагдал эзлэхээр байгаа аж.
Эхний хагас жилийн гүйцэтгэлээр авлага, өглөгийн хэмжээ нь төлөвлөснөөс өндөр байгаа тул үүнийг барагдуулах, мөнгөн хөрөнгийн эргэлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн авлагыг бууруулахад анхаарч буй юм байна. Нэг Гкал дулаан үйлдвэрлэхэд 94.4 мянган төгрөгийн зардал гарч байгаа ч борлуулалтаас 84.1 мянган төгрөгийн орлого олж буй юм байна. Харин 2027 онд үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй тохиолдолд нэг Гкал дулаан үйлдвэрлэх зардал 97.1 мянган төгрөгт хүрч, борлуулалтын орлого 73.1 мянган төгрөг байх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг Гкал дулаан тутамд 24 мянган төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа гэв. Иймээс үнэ тарифыг нэмэгдүүлэх саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

Орлого нэмэгдүүлэх ажлын хүрээнд байгууллагуудын талбайг нарийвчлан хэмжих, айл өрхийн хэрэглэгчдийн тоог бодитоор тогтоох зэрэгт анхаарснаар орлого нь жилд 843.9 сая төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ.
Тус компанийнхан улсын төсвийн санхүүжилтээр хүчин чадлаа 23 МВт-аар өргөтгөж байгаа бөгөөд гүйцэтгэл нь өдгөө 60 хувьд хүрээд байна. Уг ажлыг “Ингүүмэл үйлс”, CMM компанийн түншлэл 2025 оны долоодугаар сараас гүйцэтгэж эхэлсэн. Төслийг 15.49 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээс одоогоор санхүүжилтийнхээ 44 хувийг авчээ. Үлдсэн санхүүжилтийг шийдвэл ирэх арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулах боломжтойг хэлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд шинэ зуухаа угсарч, гагнуурыг нь шалгаж, усан шахалтын тест хийжээ. Мөн анхдагч болон хоёрдогч агаарын сэнс суурилуулж, уутат фильтер, агаарын хоолой, утаа сорох сэнс, яндан угсарснаас гадна нөөц цахилгаан үүсгүүрийг талбайдаа буулгасан байна. Энэ сард барилгын үлдэгдэл материал, тоног төхөөрөмжийг татан авч, ирэх сард угсралтын ажлуудыг дуусган туршсанаар 11 дүгээр сарын 15-наас өргөтгөлийн зуухаа галлах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Дээрх компанийнханд 11 орон сууц (500 орчим айл өрх), гэр хорооллын 200 айл дулаанд холбогдох хүсэлт гаргаад буй юм байна. Хүчин чадлаа өргөтгөвөл мөн ирэх жил спорт цогцолбор, хүүхдийн ордон ашиглалтад оруулахаар байгаа тул худалдан авагч нэмэгдэхийн хэрээр 2027 оны эцсээс татаас авахгүй байх боломж бүрдэх боломжтой хэмээн төсөөлж буйгаа хэлэв.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Үнэ тарифыг өртөгт нь дөхүүлж, хэрэглэгчидтэйгээ ойлголцон, үр ашгаа өсгөх зэрэгт анхаарвал орон нутгийн дулааны станцуудад үлгэр жишээ болохуйц үйл ажиллагаатай болох боломж та бүхэнд байна. Аймгуудын дулааны станцуудын үйл ажиллагаанд загвар болохуйц жишиг байгууллагатай болох хэрэгтэй байгаа. Хүйтэн газарт хэрэглэгчдээ дулаанаар найдвартай хангаж, алдагдалгүй ажиллаж болдгийг та бүхэн харуулаарай” гэв.
Салбарын сайд дээрх компанийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзан, 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогоо танилцуулав. Энэ үеэр тэрбээр “Салбарын ажиллагсдын хөдөлмөрийг үнэ цэнтэй болгох, олон нийтэд ойлгуулахад анхаарч байгаа” хэмээн тодотголоо.





