ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬД ХҮРЭЭД БАЙНА

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬД ХҮРЭЭД БАЙНА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт барьж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өчигдөр (2026.09.13) танилцлаа. 

Станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Пауэр Чайна” компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2025 оны долоодугаар сарын эцэст эхлүүлж байв. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, өдгөө 40 хувьд хүрээд байгааг төслийн менежер танилцууллаа. Тухайлбал:

  • Ус дамжуулан урсгах туннеллийн нийт урт 385 метр бөгөөд бүрэн барьж дуусгасан.
  • Үндсэн туннелийн дөрвөн хэсэг, барилгын бүх туслах туннелийг үндсэн туннельд холбоод байна. Үндсэн туннелийг нийт 1392.3 метр ухаж, даралт тэнцвэржүүлэгч хоолой болон тээврийн туннелийн ажлыг дуусгасан. 
  • Станцын барилгын суурийн ажил дуусаж, ус хуримтлуулах худаг, 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалтын ажлыг дуусгасан. 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг дуусгахаар ажиллаж байна. 
  • Баруун, зүүн эргийн барилгын зам засварын ажил дуусаж, боомтын налуугийн дээд хэсгийн шороог цэвэрлэсэн бөгөөд голын дээд хэсгийн далангийн хаалтын ажил үе шаттай явагдаж байна. 

Цаашид дамжуулан урсгах далангийн хаалтын барилгын ажил, ус татах үндсэн туннелийн ухмалын ажил болон бетон доторлогоо зэргийг хийж дуусгана. 

90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн захиалагч нь Монгол Улсын Эрчим хүчний яам бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Гэрээний дүн 266.45 сая ам.доллар юм. Төслийн талбайд монгол, хятад, бангладеш гээд нийт 580 гаруй хүн ажиллаж байна. 

Жилд 360 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх, өөрөөр хэлбэл Монгол Улсын хамгийн томд тооцогдох Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Ингэснээр баруун бүсийн таван аймгийг эрчим хүчээр найдвартай хангаж, төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэн, CO2-ын ялгарлыг жилд 300 мянга, нүүрсний хэрэглээг 110 мянган тонноор бууруулж, 120 мянган айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангана. Өдгөө баруун бүсийн эрчим хүчний систем импортоос ихээхэн хамааралтай байгаа юм. 

Түүнчлэн 100 гаруй байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан хөгжүүлэх нөхцөл бүрдэн, ойр орчмын аялал жуулчлал, загасны аж ахуйн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн экологийн орчныг сайжруулах ач холбогдолтой. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байв. Төслийн бүтээн байгуулалттай танилцах үеэр БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Цао Ли БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжлаад, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжиж байгаагийн илрэл. Хоёр орны Төрийн тэргүүн нарын тохиролцсон, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэхүү бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад бүх талын дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодотголоо.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай хоёр орон газар нутгаараа холбоотой мөнхийн хөршүүд. Хоёр орны стратегийн харилцаа жил ирэх тусам өргөжиж байгаад баяртай байна” хэмээгээд, Монгол Улсын Эрчим хүчний сайд, орон нутгийн удирдлага, гаалийн байгууллага гэхчлэн холбогдох талууд шаардлагатай дэмжлэг үзүүлж, станцыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь эрчим хүчний хараат бус байдлыг хангах, системийн уян хатан байдлыг сайжруулахад онцгой ач холбогдолтой түүхэн төсөл. Бүтээн байгуулалтын явц 40 хувьд хүрч, ямар нэг саад, зогсолтгүй үргэлжилж байна. Станцыг 2030 онд ашиглалтад оруулах хуваарьтай. Гэхдээ үүнээс өмнө ашиглалтад оруулахаар хичээцгээж байгаа” хэмээн онцоллоо. 

Станцын бүтээн байгуулалтын явцтай танилцах үеэр дурсгалын бичээст хөшөөний нээлт болсон юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын хүрээнд 11 тэрбум шоо метр багтаамжтай усан сан, далан барьж, 24 км урт, дөрвөн км өргөн нуурыг хиймлээр бий болгоно. Уг нуурыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шүтээн нуур” хэмээн нэрлэхээр тогтлоо.