
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин”сэдэвт арга хэмжээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК (УБЦТС) оролцож, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хялбаршуулан, цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа таницууллаа.
Тус компани нь зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтын үйл явцыг шуурхай, хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгоор дараах шинэчлэлийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд айл өрхийн халаалтын зориулалтаар хүсэж буй 10 кВА хүртэлх чадлын техникийн нөхцөлийг, ажлын 28 хоногт шийдвэрлэдэг байсныг цахимжуулж, ажлын 5 хоногт олгодог болгов. Мөн цахилгаан автомашин цэнэглэх станцын техникийн нөхцөлийг ажлын 5 хоногт, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх 20 кВт хүртэлх чадлын хүсэлтийг ажлын 11 хоногт шийдвэрлэдэг боллоо. Иргэд, айл өрх цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, удирдах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ухаалаг тоолуурын нэгдсэн системийг нэвтрүүлж байгаа бөгөөд цахилгаанаар хангах гэрээ болон нэмэлт гэрээг цахим баримт бичгийн нэгдсэн систем болох e-geree-д шилжүүлж, цахимаар баталгаажуулах боломж бүрдүүлсэн байна.

Эдгээр шинэчлэл нь эрчим хүчний салбарын үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох, зөвшөөрөл олголтын үйл явцыг хялбаршуулах, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.