ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛНА

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛНА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

“Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ж.Золжаргал нар болон тус хорооны үе үеийн удирдлага, салбарын төлөөлөл, судлаачид оролцон, санал солилцлоо. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай бие даасан хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал, үндсэн зорилтуудын талаар хэлэлцсэн юм. 

Хуулийн төслийн гол зорилго нь:
•    Зохицуулагч байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх
•    Үнэ тарифын зохицуулалтыг улс төрийн нөлөөнөөс ангид хэрэгжүүлэх
•    Хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах
•    Эрчим хүчний салбарын зах зээлийн шинэчлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

Эрчим хүчний салбарын реформыг амжилттай хэрэгжүүлэхэд бие даасан, хараат бус, мэргэжлийн чадавхтай зохицуулагч байгууллагын үүрэг чухал гэдгийг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, Эрчим хүчний сайдын дэвшүүлж буй “1 бодлого, 3 зарчим, 9 ажил” санаачилга, Монгол Улсын 2050 он хүртэлх эрчим хүчний шилжилтийн стратеги нь зөвхөн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэмжигдэхгүй юм. Энэхүү санаачилга, стратегийг хэрэгжүүлэхэд хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалдаг, зах зээлийн зөв дохио өгдөг, улс төрөөс хараат бус зохицуулалтын тогтолцоо зайлшгүй шаардлагатай. Иймээс Эрчим хүчний яамнаас дээрх хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Эл хуулийн төслийг яаралтай боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, дэмжлэг авахад Улсын Их Хурал дахь “Эрчим хүчний реформыг дэмжих бүлэг”-тэй нягт хамтран ажиллахаар боллоо.