МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.06.09) эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Найдалаа уулзалтыг нээж үг хэлэх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд салбарын ажилтнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, салбартаа хэрэгжүүлж буй нэг бодлого, гурван зарчим, есөн ажилд тулгуурласан шинэчлэлийн бодлогоо танилцуулав.

Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээний томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн сэргээгдэх эх үүсвэр, эрчим хүч хуримтлуулах систем, өндөр хүчдэлийн үндэсний сүлжээ, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол Улсыг Зүүн хойд Азийн цэвэр эрчим хүчний чухал тоглогч болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь зөвхөн эрчим хүчний салбарын бус, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зорилго, ирээдүй хойч үедээ үлдээх хөгжлийн суурь юм” хэмээн тодотголоо.

Салбарын 800 орчим төлөөлөл оролцсон энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Эрчим хүчний сайдад гардуулав. Тэрбээр “Монгол Улс жилд 300 орчим хоног нартай, салхины өндөр нөөц бүхий уудам газар нутагтай. Иймээс байгалийн асар их нөөцдөө тулгуурлан эрчим хүч экспортлох боломжтой. Улс орныхоо галыг бадрааж яваа та бүхнээр монголчууд бахархдаг шүү” хэмээн онцолсон юм.