ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛД ОРОЛЦОН, САЛБАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛД ОРОЛЦОН, САЛБАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2026.06.29) Гадаад харилцааны яаманд болж байна. Гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, дотоодын хувийн хэвшлүүдийн төлөөлөл оролцож буй энэхүү хурлын үеэр “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр” хэлэлцүүлэг боллоо. 

Эл хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтүвшин нар оролцож, салбартаа хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, одоогийн нөхцөл байдал зэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, 139 томьёоллоор буюу нэг бодлого, гурван зарчим баримтлан, есөн гол ажил хийхээр төлөвлөснөө танилцуулав. Үүнд эрчим хүчний шилжилт, ухаалаг сүлжээ, засаглал, шинэ эх үүсвэр байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, үнэ тарифын болон хууль, эрх зүйн шинэчлэл багтаж байгаа бөгөөд зарим ажлыг хэдийн эхлүүлээд буй юм. 

Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгуулж, таван байршилд нарны цахилгаан станцын Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулж, нэг кВт.ц цахилгаан эрчим хүчийг хамгийн багадаа 4.85 ам.центээр нийлүүлэхээр болоод буй. Дараагийн аукционыг зарласан талаар хөрөнгө оруулагчдад мөн мэдээллээ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний 2050 он хүртэлх оргил ачааллын тооцоолол, ямар төрлийн эх үүсвэрээс хангахаар төлөвлөж байгаа зэргийн талаар танилцуулав. 

Хөрөнгө оруулагчдын зүгээс аукционд хэрхэн оролцох, цахилгаан худалдах, худалдан авах гэрээг хэдэн жилээр байгуулах, төсөл хэрэгжүүлэх газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, цаашид цөмийн эрчим хүч ашиглах, эсэх зэргийн талаар асуулт тавьж, хариулт авлаа. 

Сайд Б.Найдалаа аукционыг ямар зарчмаар зохион байгуулсан, устөрөгч ашиглах, дата төв байгуулах болон эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчин буюу regulatory sandbox бий болгох боломж зэргийн талаар мэдээлэл өгч, “Салбартаа хөрөнгө оруулалт татан, цаашид дотоодын хэрэглээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, цахилгаан экспортлохыг зорьж байгаа” хэмээв. 

Энэхүү хэлэлцүүлэгт Австри, Унгар, БНХАУ, БНСУ, Сингапур, Индонез, Казахстан зэрэг орны Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшлийн болон Монголын бизнесийн зөвлөл, MCS групп, URECA компанийн төлөөлөл оролцсон юм. 

Түүнчлэн сайд Б.Найдалаа Унгарын “Turul Green technologies”, Британийн “Gemcorp capital”, Сингапурын “GR company”, БНХАУ-ын Шэньжэнь хотын Худалдааны танхим зэрэг байгууллагын төлөөллүүдийг тус тус хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.