БНСУ-ЫН УУР АМЬСГАЛ, ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД КИМ СУН ХВАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНСУ-ЫН УУР АМЬСГАЛ, ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД КИМ СУН ХВАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.07.09) БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хван болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Найдалаа БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хваныг Монгол Улсад айлчилж, Эрчим хүчний яаманд ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарт хийж буй шинэчлэлийн талаар дурдаад, дотоодын хэрэглээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд тоглогч болох зорилтын хүрээнд хамгийн ойр гуравдагч хөрш болох БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодотгосон юм.

БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хван “БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд ирж, уулзаж байгаадаа баяртай байна. Үүх түүх, соёл талаасаа хоёр орны харилцаа бусад улсынхаас илүү онцлогтой. Хоёр улсын харилцаа иргэдийн идэвхтэй солилцооны ачаар улам өргөжиж байна. Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор Монгол, БНСУ-ын эрчим хүчний салбарын харилцаа өргөжнө гэж харж байна. Цаашид Монгол Улстай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү идэвхтэй хамтран ажиллана хэмээн бодож байна” гэж онцоллоо.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, нүүрс, байгалийн баялгийн нөөц ихтэй. Нөгөөтээгүүр, улс орнуудын эрчим хүчний хэрэглээ төсөөлснөөс илүү нэмэгдэж буй. Иймээс Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг зөвхөн дотооддоо ашиглах бус, бүс нутгийн хэмжээнд хуваалцах, экспортлох боломжтой хэмээн үзэж байгаа юм. Үүний хүрээнд тухайлбал, устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэх, дата төвүүдийг хөгжүүлэх зэрэгт анхаарч байна.

Энэ талаар сайд Ким Сун Хван дата төв байгуулсан Сингапурын туршлагын талаар дурдав. Дата төвийг богино хугацаанд буюу 2-3 жилийн дотор барих боломжтой ч цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхэд 5-10 жилийн хугацаа шаардагдах тохиолдол ч бий аж. Иймээс цахилгааны асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал гэж байлаа. Түүнчлэн Монгол Улс дата төвийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг нар, салхинаас хангаж чадвал олон улсад амжилттай хэрэгжүүлсэн төслийн жишээ болох боломжтойг хэлж байв. БНСУ-ын томоохон аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр идэвхтэй судалж буй төдийгүй сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг хадгалах, түгээх технологийн ихээхэн туршлага хуримтлуулсан тул хамтарч ажиллах боломж бийг өгүүлсэн юм.

Сайд Б.Найдалаагийн зүгээс БНСУ-ын дулааны хэрэглээгээ шийдэж буй болон эрчим хүчний ухаалаг сүлжээ, судалгааны институцийн арвин туршлагаас судлах, хүний нөөц бэлтгэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа иэлэрхийлэхэд, Ким Сун Хван сайдын зүгээс санал бүрэн нийлж буйгаа хэлээд, “Хоёр улс эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нь тодорхой. БНСУ-ын зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ” гэлээ.

Ташрамд дурдахад, хоёр улс эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн түүхтэй. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай улсын эрчим хүчний мэргэжилтнүүд Сөүлийн их сургууль, “Кориа их сургууль”-д суралцаж төгссөн билээ. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-аас “Монгол Улсын орон нутгийн дулаан хангамжийн системийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь (2026-2028)” сэдэвт сургалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар бэлтгэж буй.

Түүнчлэн Монгол Улсын Эрчим хүчний яам болон БНСУ-ын “Поско Интернэйшнл Корпорац” дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дулааны цахилгаан станцын хөргөх байгууламжаас гарч буй хөргөлтийн усыг дулааны эх үүсвэр болгон ашиглах төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон зэргийг энд дурдаж болно.

Өдгөө Монгол Улсын Эрчим хүчний яам болон БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам хооронд Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих, батарей хуримтлуурын систем (BESS) нэвтрүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг шинэчлэх, ухаалаг сүлжээ (Smart Grid)-ний технологи хөгжүүлэх, бичил сүлжээ (Microgrid)-ний шийдэл нэвтрүүлэх, цэвэр дулаан хангамж, дулааны шахуургын технологи ашиглах, эрчим хүчний бодлого, хууль, эрх зүй, стандарт, техник, технологийн мэдээлэл солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж буй. Сайд Б.Найдалаагийн зүгээс эл санамж бичигт тусгаагүй бусад чиглэлээр ч илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодотгоход БНСУ-ын талаас бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийллээ.