МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, БНСУ-ЫН УУР АМЬСГАЛ, ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ СОЛИЛЦЛОО

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, БНСУ-ЫН УУР АМЬСГАЛ, ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ СОЛИЛЦЛОО

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа, БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хван нар Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг солилцов. 

Эл санамж бичиг нь Монгол Улс, БНСУ-ын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, чулуужсан түлшинд суурилсан эрчим хүчний тогтолцооноос цэвэр, нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай тогтолцоонд шилжих үйл явцыг хамтран дэмжих үндсэн зорилготой. Мөн эрчим хүчний салбарын урт хугацааны хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх, техник, технологи, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжлийг дэмжих бодлогын баримт бичиг болох ач холбогдолтой юм.
Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн хэрэгцээ, Засгийн газрын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан долоон чиглэлийг хамтын ажиллагааны тэргүүлэх төсөл болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэж талууд үзэж буй.
Энэхүү санамж бичгийн хэрэгжилтэд анхаарах үүднээс хоёр талын хамтарсан хороо байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлан, явцыг нь тогтмол үнэлж, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.