ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Та бүхэндээ “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

НҮБ-ын Хүүхдийн сангаас 2017 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд дэлхийн 190 гаруй улс нэгдэн хүүхэд бүрийн дуу хоолойг сонсох, эрхийг нь хүндэтгэх, сайн сайхан байдлыг хамгаалахыг уриалдаг уламжлалтай.

Энэ жилийн Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар өрнүүлж буй “Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнтэй үйл ажиллагаагаа уялдуулан Эрчим хүчний салбарын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөдөлгөөний хүрээнд Эрчим хүчний салбарт 2026 оны арваннэгдүгээр сараас 2027 оны тавдугаар сар хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Төлөвлөгөөний хүрээнд салбарын байгууллагууд хүүхэд хамгааллын бодлого баталж, эрсдэлийн хяналтын хороо байгуулах, өөрийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн орчинд аюулгүй байдлын үзлэг шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны шугам хоолой зэрэг хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй 8,000 хүртэлх объектод аюулгүй байдлын үзлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Түүнчлэн үндэсний хөдөлгөөний албан ёсны лого, мэдээлэл, контентыг эрчим хүчний салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлж, 10 байгууллагын оролцоотой контент бүтээн, нийт 50 мянган хандалтад хүргэж уриалах  зорилт дэвшүүлсэн. 

Энэхүү ажлын хүрээнд салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд бүрийн аюулгүй, эрүүл, ээлтэй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах юм. 

Хүүхдийн төлөө хэлсэн үг бүр үйлдэл болж, өгсөн амлалт бүр бодит ажил болох ёстой. Хүүхдийн төлөө – За бол заавал хийе!