
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг хялбаршуулах, хүнд суртлыг бууруулах, зөвшөөрөл, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”, “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, салбарын оролцогч талуудын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан дээрх дүрмүүдийн шинэчлэлийн хүрээнд техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах, шийдвэр гаргах эрх, үүргийг оновчтой болгох, иргэн, аж ахуйн нэгжид учирч буй чирэгдлийг бууруулах зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, техникийн нөхцөл олгох үйл ажиллагаанд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын оролцоог бууруулж, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг тухайн хангагч байгууллага шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.
Мөн 2023 оноос ашиглалтад орсон техникийн нөхцөлийн нэгдсэн цахим системийг төрийн бусад мэдээллийн сантай холбож, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх, хариу хүргүүлэх үйл ажиллагааг цахимжуулсан. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжээс төрийн мэдээллийн санд бүртгэлтэй мэдээллийг давхар шаардахгүй, хүсэлтээ цаг хугацааны хязгаарлалтгүйгээр цахимаар гаргаж, техникийн нөхцөлөө QR кодоор баталгаажуулан цахим шуудангаар хүлээн авах боломж бүрдсэн юм.

Шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт 60 аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөл танхим болон цахим хэлбэрээр оролцож, дүрмийн зохицуулалтыг боловсронгуй болгох, техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах талаар санал солилцлоо.

Энэхүү шинэчлэл нь эрчим хүчний хэрэглэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, ил тод болгох, байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, иргэн, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чиглэж байна.

