
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 191 дүгээр зарлиг гаргаж эрчим хүчний салбарын төлөөлөлд төрийн дээд цол хүртээсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Эрчим хүчний салбараас ШИНЭЭР төрөн гарсан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болон Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнагдсан салбарын тэргүүнүүдийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /2026.01.06 / өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ЭХ-ний дэд сайд С.Далхаасүрэн болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий нар байлцлаа.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН
Халтарын Энхжаргал нь ажлын гараагаа МУИС-ийн Эрчим хүчний факультетэд 1980-1994 онд багш, ахлах багш, дэд профессор, 1994-1997 онд ТИС-ийн Эрчим хүчний факультетийн Дулаан энергетикийн тэнхимийн эрхлэгч, 1997 оноос 2011 онд ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн захирал, 2011 оноос 2013 онд ЭХИС-д “Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрийн экологи” профессорын багийн тэргүүлэх профессор, Эрчим хүчний эх үүсвэр хүрээлэн байгаа орчны судалгааны төвийн захирал, 2013 оноос ШУТИС-ийн боловсрол эрхэлсэн проректор, 2016-2022 он; Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор 2023 оноос Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байна. Эрчим хүчний салбарын шинжлэх ухааны чиглэлээр 46 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шинжлэх ухааны академич юм.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН
Гомборагчаагийн Балжинням нь 1992 оноос Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад Монтёр, цахилгааны инженерээр ажлын гараагаа эхлүүлэн Төвийн эрчим хүчний системд Ээлжийн диспетчер инженер, Эрчим хүчний удирдах газарт үйлдвэрлэлийн албаны ахлах инженер, ахлах диспетчер инженер, 2001 онд Диспетчерийн үндэсний төв байгуулагдсанаас хойш ээлжийн диспетчер инженер, Төв диспетчерийн албаны дарга, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер, Эрчим хүч хэмнэлтийн инженер, одоо тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 33 жил үр бүтээлтэй ажиллаж, Эрчим хүчний салбараас төрсөн 80 дахь АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН юм.