ДАРХАН ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ, ДЭВШИЛТ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

ДАРХАН ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ, ДЭВШИЛТ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр (2026.05.30)  “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа. Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийг горимын дагуу ажиллуулах, зайнаас хянах, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, тохируулах зорилгоор Хяналт удирдлагын CITECT SCADA программ хангамж ашиглаж байгаа тус компанийнхан эх үүсвэрээс 2025-2026 онд дунджаар 726.8-745.3 мянган Гкал дулааны эрчим хүч худалдан авч, дөрвөн насосны станц, 16 дулаан хуваарилах төвөөр дамжуулан хэрэглэгчдэд түгээжээ. 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 34 хувьд хүрсэн байна.

191 хүн ажиллаж буй компанийнхаа үйл ажиллагааг танилцуулах үеэрээ гүйцэтгэх захирал Д.Батжаргал зардал, авлага, өглөгийг бууруулж байгаа талаараа дурдав. Дархан хотын дулаан хангамжийн системийг сайжруулах, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүлийн эрчим хүчний корпорацын төлөөллүүдийг саяхан хүлээн авч уулзжээ. Тус хотын дулааны хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа тул хоёрдогч эх үүсвэртэй болох шаардлага үүсээд буйг тэрбээр тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр сайд Б.Найдалаа салбартаа баримталж байгаа бодлого, зарчим, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Эрчим хүчний цахим шилжилтийн бодлогыг энэ сарын дундуур батлахаар төлөвлөж байгааг дурдсан юм. Мөн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэргэжилтэн Д.Гандаваад Салбарын тэргүүний ажилтан тэмдэг гардуулав.