
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Ховд аймагт ажилах үеэр баруун бүсийн эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай танилцлаа.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангахаас гадна импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, дотоодын хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэх зорилготой стратегийн ач холбогдол бүхий төсөл юм.

Тус станцын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу энэ оны гуравдугаар сард эхэлж, эдүгээ туннелийн ухалга, станцын суурийн ажил эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил нь 33 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд уг төсөл ашиглалтад орсноор баруун бүсийн гурван аймгийн эрчим хүчний хэрэглээг дотооодоосоо 100% хангах юм.

Түүнчлэн 2009 онд ашиглалтад орсон Дөргөний УЦС-д ажиллав. Дөргөний УЦС нь баруун бүсийн анхны томоохон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бөгөөд бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 12 МВт-ын хүчин чадалтай тус станц нь жилд дунджаар 40.1 сая квт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 15 орчим хувийг дангаар хангадаг Дөргөний УЦС нь өвлийн оргил ачааллын үед 9.3-9.6 МВт хүртэл чадал нийлүүлж системийн найдвартай ажиллагааг хангаж ажиллаж байна.


