ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН БАРИМТ БИЧГИЙГ НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын хөгжилд амин чухал эрчим хүчний салбар үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй, дэд бүтэц хуучирсан, нүүрснээс ихээхэн хамааралтай, экспортоор хэрэгцээгээ нөхөх шаардлагатай гэх мэт олон сорилтуудтай тулгарч байна. Эдийн засаг сэргэж эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед импортоос хараат хэвээр байх аваас энэхүү сэргэлтэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Иймд дотоодын шийдлүүдийг яаралтай хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үлэмж их нөөцөө хуучирч муудсан дэд бүтцээ шинэчилснээр эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрийн нөөц бололцоог бүрэн дайчлан илүү ногоон, тогтвортой, хөгжингүй эрчим хүчний салбар бий болгох нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад зайлшгүй шаардлагатай байна.
Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй тус төсөл нь цахилгаан дамжуулах сүлжээний найдвартай байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр сүлжээнд холбох боломж бүрдүүлэх замаар эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх зорилготой юм. Энэхүү санаачилга нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”, Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байна.
Төсөл нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Мандалговь-Арвайхээр 287 км 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барих, холбогдох 220/110/35 кВ-ын “Мандал” дэд станцын өргөтгөл, шинээр 220/110/35 кВ-ын “Авзага” дэд станц барих ажил хийгдэнэ.
Чадавхыг бэхжүүлэх, төслийн хэрэгжилтийг дэмжих үйл ажиллагааг багтаасан хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Эрчим хүчний яам (ЭМЯ), Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ЦДҮС), Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ), Диспетчерийн үндэсний төв (ДҮТ) зэрэг салбарын үндсэн байгууллагуудын дотоод болон техникийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, төслийн өдөр тутмын хэрэгжилт, удирдлагад дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрчим хүчний сүлжээнд холбох, сүлжээний дэвшилтэт үйл ажиллагаа, тухайлбал эрчим хүчний системийн төлөвлөлт, ухаалаг сүлжээний технологийг нэвтрүүлэх чиглэлээр төрийн оролцогч талуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөх үйл ажиллагаа, судалгааг санхүүжүүлэх болно.
Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн Стандартын дагуу Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн цогц үнэлгээг “Би Жи Эм Дистрибьюшн” ХХК гүйцэтгэв.
Байгаль орчин, нийгмийн дараах баримт бичгүүдийг боловсруулан, олон нийтэд нээлттэй танилцуулж байна:
1. Байгаль орчин ба нийгмийн зорилтын төлөвлөгөө – Төсөл хэрэгжүүлэгч буюу ЭХЯ, холбогдох байгууллагуудаас төслийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх амлалтуудыг багтаасан бөгөөд Төслийн санхүүжилтийн гэрээний салшгүй хэсэг болох юм.
2. Оролцогч талуудын оролцоог хангах төлөвлөгөө – тус төлөвлөгөө нь төслийн оролцогч талууд, нөлөөлөлд өртөгч, олон нийтийг мэдээллээр хангах, тэдгээрийг төслийн хэрэгжүүлэлт болон хяналтын үйл ажиллагаанд татан оролцуулах арга хэмжээг тодорхойлсон.
3. Нүүлгэн шилжүүлэх бодлогын баримт бичиг – тус төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөлт төлөвлөгдөөгүй хэдий ч хэрэгжилтийн шатанд бодит эрсдэл үүсэх тохиолдолд баримтлах стандарт, журам, хэм хэмжээг тус баримт бичигт тусгасан.
4. Хөдөлмөрийн эрхлэлт удирдлагын журам – төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой аливаа эрсдэл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн хэм хэмжээг тодорхойлсон баримт бичиг.
5. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан – Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн Стандартын дагуу Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан.
6. Биологийн олон янз байдлын менежментийн төлөвлөгөө
Төслийн тухай тодруулах зүйлс байвал та бүхэн дараах хаягаар холбогдоно уу.
· Биечлэн: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байрЭрчим хүчний яамны 213 тоот (ажлын цагаар)
· Утсаар: 51263094 (ажлын цагаар)
· Имэйл: Munkhtur@energy.gov.mn
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Сэтгэгдэл