Эрчим хүчний салбарын 2012 оны үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн талаар товч мэдээлэл

A- A A+


Photo

Цахилгаан, дулаан үйлдвэрлэлт,  борлуулалт

Эрчим хүчний төв, баруун, зүүн, өмнөд бүсийн системийн дүнгээр 2012 онд дулааны цахилгаан станцаар 4,738.0 сая кВт.ц, усан цахилгаан станцаар 47.5 сая кВт.ц, нар салхины эх үүсвэрээр 0.7 сая кВт.ц, дизель станцаар 10.8 сая кВт.ц, нийт 4,797.0 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, импортоор 399.3 сая кВт.ц цахилгаан худалдан авч, экспортод 21.0 сая кВт.ц цахилгаан гарган, 3,765.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 6,986.5 мян.Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулсан.

Цахилгаан, дулааны үйлдвэрлэлтийн өсөлт

Төвийн эрчим хүчний систем (ТЭХС)-ийн дулааны цахилгаан станцуудаас түгээсэн цахилгаан 6.4%-иар, дулаан 6.3%-иар, Дорнодын дулааны цахилгаан станцаас түгээсэн цахилгаан 19.3%-иар, дулаан 11.0%-иар өсч, харин Даланзадгадын дулааны цахилгаан станцын түгээсэн цахилгаан 6.5%-иар нэмэгдэж, дулаан 14.7%-иар буурсан дүнтэй байна. Түүнчлэн Баруун бүсийн эрчим хүчний системийн ОХУ-аас болон Дөргөний усан цахилгаан станцаас худалдан авсан цахилгаан 16.1 %-иар нэмэгджээ. Мөн ТЭХС-ийн цахилгааны оргил ачаалал 863 МВт болсон нь өмнөх оныхоос 83 МВт-аар буюу 10.6 %-иар өндөр байна.  Баруун бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 27 МВт болж өмнөх оноос 3.2 МВт-аар буюу 12 орчим хувиар өсчээ.

Найдвартай ажиллагаа

Баруун, Дорнод болон Алтай-Улиастайн бүсийн дүнгээр нэг хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын үргэлжлэх хугацаа, давтамж зэрэг нь урьд онтой харьцуулахад багасч найдвартай ажиллагаа дээшилсэн байна. Харин Төвийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай байдал 2011 оны хэмжээнд, Даланзадгадын бүсийн цахилгаан хангамжийн найдвартай байдал доошилсон байна. Мөн ДЦС-уудын үндсэн тоноглолуудын зогсолтын тоо нэмэгдэж, хэвийн ажиллагаа алдагдах тохиолдлууд гарсан.

Ашиг, алдагдал

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 25 компани 2012 онд нийт 372.6 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж  438.9 тэрбум төгрөгийн зардал гарган үндсэн үйл ажиллагаанаас 66.3 тэрбум төгрөгийн, балансын дүнгээр 37.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.

Цахилгаан станцуудын дотооддоо хэрэглэсэн цахилгааны хэмнэлт

Төвийн эрчим хүчний системийн 5 дулааны цахилгаан станцын дүнгээр 2012 онд нийт үйлдвэрлэсэн цахилгааныхаа 14.86 %-ийг станцууд дотоод хэрэгцээндээ зарцуулсан байгаа нь 2011 онд 15.14 %-ийг зарцуулж байсантай харьцуулахад дотооддоо хэрэглэсэн цахилгааны эзлэх хувийг 0.28 нэгжээр бууруулж 12.9 сая кВт.ц цахилгаан хэмнэсэн байна. Энэ амжилтад хүрэхэд  Улаанбаатарын  дулааны 2, 3, 4-р цахилгаан станцууд болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станц үр бүтээлтэй ажилласан байна.

Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хэмнэлт

Төвийн бүсийн томоохон 7 компанийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн нийт алдагдал 2011 онд 16.6 % байсан бол 2012 онд 16.3 % болж алдагдал 2011 оныхоос 0.3 нэгжээр буюу 30.5 сая кВт.цаг цахилгаанаар буурав. Алдагдлыг бууруулах талаар 2012 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ”, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”, “Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Хөвсгөл-Эрчим хүч”, “Баянхонгор-Эрчим хүч” зэрэг компаниуд үр дүнтэй ажиллаж алдагдлыг урьд онд байсан хэмжээнээс буурууллаа.

Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа (2009 онд 38 %-д хүрч байсан) ба 2012 онд нийт алдагдал 27.1 % болж 2011 он (28.1 %)-той харьцуулахад 1 нэгжээр буурч 1 сая кВтц цахилгааныг хэмнэсэн дүнтэй байна. Мөн Дорнод бүсийн цахилгаан түгээлтийн алдагдал 8.8 хувь болж өмнөх оноос 0.5 нэгжээр буурснаар 625.4 мянган кВт.ц цахилгааныг хэмнэсэн байна. Түүнчлэн Алтай-Улиастайн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн нийт алдагдал 24.4 хувь болж өмнөх оноос 2.9 нэгжээр буурснаар 978.2 мянган кВтц цахилгааныг хэмнэсэн байна.

Цахилгаан станцуудын түлшний хэмнэлт

ТЭХС-ийн дулааны цахилгаан станцуудын дүнгээр цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ногдох нэгж түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөсөн хэмжээнээс болон өнгөрсөн онд байсан хэмжээнээс бууруулсан бөгөөд өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 70 мян.тн нүүрс хэмнэсэн дүнтэй байна. Харин ТЭХС-ийн хэмжээгээр станцууд 2803 тн мазут зарцуулсан нь төлөвлөсөн хэмжээнээс 15 тн-оор бага, өмнөх оноос 552 тн-оор илүү зарцуулсан байна.

Улсын төсвийн татаас

2012 онд төвийн бүсийн 6, орон нутгийн 6, нийт 12 компанид 25.6 тэрбум төгрөгийн татаасыг олгосон.

Хэрэглэгчдэд борлуулсан эрчим хүчний орлого

2012 онд цахилгааны борлуулалтаас 312.4 тэрбум төгрөг, дулааны борлуулалтаас 66.5 тэрбум төгрөг, нийт 378.9 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан.

ЦЭХ-ний борлуулалтын орлого өмнөх оноос 40.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ба 29.1% буюу 11.8 тэрбум төгрөг нь тарифын өсөлтөөс, 70.9% буюу 28.8 тэрбум төгрөг нь хэрэглээний өсөлтөөс нэмэгдсэн орлого байна.

Хэрэглэгчдийн тоо

2012 онд нийт 470 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан бөгөөд нийт хэрэглэгчдийн 7% буюу 32.2 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 93% буюу 435.3 мянга нь ахуйн хэрэглэгчид байна.

2012 онд нийт 190 мянган хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангасан ба  нийт хэрэглэгчдийн 88% буюу 166.7 мянга нь ахуйн хэрэглэгчид, 12% буюу 22.9 мянган хэрэглэгч нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчид байна.

Нийт зардал

2012 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын дүнгээр үндсэн үйл ажиллагааны 429.0 тэрбум төгрөг, үйл ажиллагааны бус 15.5 тэрбум төгрөг, нийт 444.5 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.

Нийт зардлын 69.9 хувь буюу  310.8 тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдэд түгээхэд, 30.1 хувь буюу 134.1 тэрбум төгрөгийг дулааны эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдэд түгээхэд тус тус зарцуулжээ.

2012 оны зардлын бүтэц:

  • Түлш – 36.0%
  • Элэгдэл – 22.7%
  • Цалин – 23.1%
  • Засвар – 2.3%
  • Татвар – 0.5%
  • АНЗ – 2.3%
  • Бусад – 12.2%

Ажиллагсдын дундаж цалин

2012 онд эрчим хүчний салбарт 10,122 ажилтан албан хаагч сарын 824.5 мянган төгрөгийн дундаж цалинтай ажилласан байна.
 
Авлага, богино хугацаат өр төлбөр

2012 оны 12 сарын 31-ний байдлаар эрчим хүчний 24 компанийн авлага 32.3 тэрбум төгрөг, өглөг 38,7 тэрбум төгрөг болж оны эхэнд байснаас авлага 0,3 тэрбум төгрөгөөр буурч, өглөг 13,6 сая төгрөгөөр нэмэгдсэн.

Нийт 32.3 тэрбум төгрөгийн авлагын 74% буюу 24.1 тэрбум төгрөг нь хэрэглэгчдээс авах эрчим хүчний авлага, 26% буюу 8.2 тэрбум төгрөг нь харилцагчдаас авах бусад авлага байна.

Нийт 38.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн 28% нь нүүрсний, 41% нь бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх, 19% нь төслийн зээл, зээлийн хүүгийн, 5% нь татвар шимтгэлийн, 3% нь дотоодын банкны богино хугацаат зээлийн, 4% нь импортын эрчим хүчний өр төлбөр тус тус эзэлж байна.

Урт хугацаат өр төлбөр

2012 оны 12 сарын 31-ний байдлаар эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 компани 345.5 тэрбум төгрөгийн урт хугацаат өр төлбөртэй байна.

Төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэл

2012 онд эрчим хүчний  компаниуд улсын болон орон нутгийн төсөвт нийт 59,6 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийн орлогыг бэлнээр  төвлөрүүлж 31,0 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бараа ажил үйлчилгээг худалдан авсан байна.

Төвийн бүсийн цахилгааны бөөний зах зээл

Төвийн бүсийн “Нэг худалдан авагч”-тай цахилгааны бөөний зах зээлийн хүрээнд цахилгаан түгээх компаниуд 2012 онд худалдан авсан цахилгааны төлбөрийг бүрэн буюу 100.1%-иар “Нэг худалдан авагч” буюу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д төвлөрүүлсэн байна. Ингэснээр “Нэг худалдан авагч”-аас цахилгаан станцуудад дунджаар 99.9 %-иар, үүний дотор ДЦС-2, ДЦС-3, ДДЦС, ЭДЦС-уудад 100 %-иар орлогыг төвлөрүүллээ.

Гомдол, маргаан шийдвэрлэлт

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчдээс 2012 онд Эрчим хүчний зохицуулах хороонд хандан 43 өргөдөл, хүсэлтийг ирүүлсэн байна. Эдгээр өргөдөл, гомдлыг ангилж үзвэл:

  • ХХУсыг халаасан дулааны төлбөртэй холбоотой – 12 буюу 27,9%
  • Цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотой – 9 буюу 20,9% 
  • Дулааны эрчим хүчний төлбөртэй холбоотой – 10 буюу 23,2%
  • Цахилгаан, дулааны хангамжтай холбоотой – 2 буюу 4,6%
  • Бусад – 8 буюу 18,6%

Дээрх өргөдөл, гомдлыг хууль, тогтоомжийн дагуу судалж, холбогдох ТЗЭ–ийн ажилтнуудтай хамтран газар дээр нь очиж танилцах, үзлэг шалгалт хийх, хэрэглэгч, ТЗЭ-ийн төлөөллийг оролцуулан уулзалт ярилцлага зохион байгуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг даалгавар өгөх, холбогдох ТЗЭ-д асуудлыг шилжүүлж шийдвэрлэлтэд нь хяналт тавих зэргээр хэрэглэгчийн гомдлыг барагдуулж ажиллав.

Мэдээний төрөл: Статистик мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ