Эрчим хүчний сайд Багануур, Налайхад ажиллав

A- A A+


Photo

-Хүндхэн байсан Багануурын уурхай засгийн өгсөн зээлээр асуудлуудаа шийдэж, өвөлд бэлэн болжээ-

Эрчим хүчний сайд П.Ганхүү энэ долоо хоногийн лхагва гаригт  Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа. Эхлээд ажилтай нь танилцсан газар бол Багануурын уурхай. Багануурын уурхайн дарга “Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна. Арваннэгдүгээр сарын дундуур дуусна. Манай уурхайн хувьд  хөрс хуулалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа, машин техник муудсан учраас зардал ихтэй ажилладаг. Валютын ханш өсөөд байна. Эрчим хүчний үнэ нэмэгдчихсэн. Гэтэл уурхай өөрийнхөө өртгөөс доогуур үнэлгээгээр нүүрсээ борлуулсан хэвээр байгаа. Санхүү хүнд, мөнгө хомсодсон байдал цаашдаа улам хэцүүдэх шинжтэй” хэмээн ярилаа. Багануурын хувьд Улаанбаатар болон төвийн аймаг, сумдын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг гол уурхай. Наймдугаар сарын сүүлчээр өвөлжилтийн бэлтгэл 40 гаруй хувьтай, ирэх өвөл цахилгаан станцуудыг нүүрсээр найдвартай хангах эсэх нь эргэлзээтэй байсан Багануурын уурхайнхан айдгаа авдартаа хийгээд авчээ. Салбарын яам, Засгийн газраас төсвийн зээлийг шуурхай шийдэж өгсөн учраас нийслэлчүүд, төвийн аймаг, сумдынхан дулаан өвөлжих нь тодорхой болж. Эрчим хүчний сайд П.Ганхүү “Засгийн газрын зүгээс эрчим хүчний нүрсний дийлэнх хувийг хангадаг Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний хангамжийг нэмэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Төсвийн зээл гэж 20 тэрбум төгрөг шийдэж өгсөн” хэмээн ярив.

 Уурхайнхан нүүрсний үнийг нэмж өгөөч гэсэн хүсэлтийг сайдад тавьж байсан юм. Нүүрсний үнийг өмнөх жилүүдийн жишгээр тодорхой хувиар өсгөх асуудлыг яамны төвшинд яриад эхэлчихсэн гэх хариуг П.Ганхүү сайд хэлж байлаа. Сайдаас нүүрсний үнэ чөлөөлөх асуудал болон төрөөс татаастай ажилладаг уурхайнуудыг цаашдаа яах, алдагдалгүй ажиллуулахын тулд хэтдээ ямар бодлого барих талаар тодруулахад “Уурхайн татаас, үнэ тариф бол  бодлогын шинжтэй асуудал. Эрчим хүчний үнэ тарифыг шууд чөлөөлөх боломжгүй. Иргэдийн амьжиргааны төвшин доогуур байгаа нөхцөлд эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэх талаар ярихад хэцүү. Эрчим хүчний үнийг зохицуулж байгаа тохиолдолд үүний томоохон хэсэг болсон нүүрсний үнийг чөлөөлөх боломж одоогоор байхгүй. Тэгэхээр нүүрсний салбарт төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг цаашид тодорхой хугацаанд үргэлжлээд явна” гэв.

Сайд Багануурын уурхайнхантай уулзахдаа Засгийн газраас эрчим хүчний салбарт ирэх дөрвөн жилд хийх ажлуудыг танилцуулсан юм. Тэрээр “Эрчим хүчний салбарт ТЭЗҮ нь бэлэн, гэрээ нь зурагдсан 68 төсөл арга хэмжээ байна. Одоогийн хэрэглээг бараг хорь дахин нугалахаар хэмжээний станцуудын зөвшөөрлийг өнгөрсөн дөрвөн жилд олгожээ. Хэн дуртай нь станц бариад бай гэсэн хандлага хөрөнгө оруулагчдад ч хэцүүгээр тусна. Хаана ямар станц барихаа бодлогын хувьд тодорхой болгох хэрэгтэй” хэмээн ярилаа. Засгийн газар ирэх жилүүдэд гадагшаа эрчим хүч экспортлох нүүрсний ганц хоёр станцаас гадна Өмнөговийн уурхайнуудыг цахилгаанаар хангах Таван толгойн станцын төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Мөн гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Дорнодын станц гэх мэт ойрын хугацаанд хэрэгжүүлэхээс аргагүй цөөхөн төсөлд засгаас анхаарч ажиллах нь. Багануурынхан уурхай түшиглэсэн 700 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг үргэлжлүүлэх хүсэлтийг П.Ганхүү сайдад тавьж байв. “Багануурын уурхайн хувьцааны 24 хувийг хөрөнгийн биржээр нэмж арилжаалах асуудал үргэлжлэх үү” гэсэн иргэний асуултанд Эрчим хүчний сайд “Нэмэлт хувьцааны асуудал зогссон. Нүүрсний хангамжийн хувьд төрд байх ёстой. Байдал хүнд байна. Улам хүндрүүлэхгүйн тулд засаг нуруундаа ачаа үүрэхээс аргагүй” гэсэн хариу өглөө.

Эрчим хүчний сайд уурхайтай танилцсаны дараа Багануурын дулааны станцаар орсон юм. Энэ үеэр Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар “Шинэ байгуулагдсан Засгийн газар санхүүгийн хувьд хэцүү байгаа учраас тэвчих боломжтойгоо танаж ажиллахаас аргагүйд хүрсэн. Энэ чигийн дагуу манай салбарын сайд эдийн засгийн хямралтай ийм цагт 38 чиглэлтэй төлөвлөгөө гаргаж үйлдвэрүүдэд тараасан. Тэрнийхээ дагуу Багануурт ирээд байна. Багануурын дулааны станц бол нийгмийн халамжийн шинжтэй ажилладаг газар. Тодруулж хэлбэл энд амьдардаг иргэдийг тухтай амьдруулахын тулд ажилладаг. Мөн дээрээсээ хязгаартай учраас үнээ  нэмж болдоггүй. Ус, цахилгааны үнэ нэмэгдсэн гэх мэт шалтгаанаар зардал их гардаг. Нэг тэрбум 700 гаруй сая төгрөгийн алдагдалтай байгаа. Дээр нь улсаас татаас авдаг. Сайдын хувьд энэ хүндрэлийг яаж давах талаар гарц шийдэл хайж  газар дээр нь ирж үйл ажиллагаатай нь танилцаж байгаа юм. Хөдөөний дулаан цахилгаан станцыг өнгөрсөн жилүүдэд хөрөнгө гаргаж шинэчилсэн. Гэтэл хаяандаа байгаа Налайх, Багануур хоёроо орхигдуулчихсан тал бий. Олон хүн оршин суудаг, цаашдаа өргөжин тэлэх дүүргүүд учраас засгаас онцгой анхаарч төлөвлөгөө гарган ажиллаж байна” хэмээн онцоллоо. Багануурын дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай байгаа гэнэ. 

Эрчим хүчний сайдын ажилтай нь танилцсан дараагийн газар бол  “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК. Эднийх 1.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа алдагдлыг бууруулах төслийн үр дүнд алдагдлаа хоёр дахин багасгах гэнэ. Яамны зүгээс Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж төслийн ажлыг хурдасгах боломжийн талаар ярилцжээ. Эрчим хүчний сайд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”-нийхэнтэй уулзах үеэрээ “Улаанбаатарт гэрэл цахилгаангүй 8000  орчим өрх байсан. 1800-г нь богино хугацаанд цахилгаантай болголоо. Үлдсэн айлуудыг нь ирэх жилдээ багтаж гэрэлтэй болгоно.  Шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлтийг арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл үзүүлнэ” гэж ярилаа.

Эрчим хүчний сайд Налайхын дулааны станцынхантай ч уулзсан юм. Налайхын станцын ажилтнууд Багануурын станцынхан шиг алдагдал их, байгуулагдаад удсан болохоор шинэчлэл хийх шаардлагатай гэсэн асуудлуудыг ярьж байв.  Засгийн газраас ирэх жилүүдэд хүн ам ихээр төвлөрсөн Налайхын дулааны станцад онцгой анхаарал хандуулж ажиллах юм байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ